Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Архангай аймгийн Хашаат суманд намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй хийх уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар ахлан зохион байгууллаа.


Уулзалтын үеэр иргэд орон нутгийн хөгжил, жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийн орчин, татварын бодлого, ажлын байр нэмэгдүүлэх боломж, мөн сэргээгдэх эрчим хүчийг орон нутагт хөгжүүлэх асуудлаар санал бодлоо илэрхийлж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл солилцов.

Хашаат сумын иргэн П.Гантулга “Манай суманд нар, салхины эрчим хүчийг илүү өргөн ашиглах боломж бий. Айл өрх, жижиг үйлдвэрлэлүүдийг нарны цахилгаан үүсгүүр суурилуулахад төрөөс бодлого, санхүүгийн дэмжлэг үзүүлбэл цахилгааны найдвартай байдал сайжрахаас гадна бизнес эрхлэх нөхцөл илүү тогтвортой болно. Ногоон эрчим хүчийг орон нутагт бодитоор дэмжих нь иргэдийн амьжиргаа, байгаль орчинд ч эерэг нөлөөтэй” хэмээн санал хэллээ.

Мөн иргэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн татварын хөнгөлөлтийн бодлого, орон нутагт ажлын байр бий болгож буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын дэмжлэгийг өргөжүүлэх шаардлагатай байгааг онцлон ярьж байв.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг орон нутгийн эдийн засгийг тэлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд бизнес эрхлэгчид болон ногоон эрчим хүчний салбарын оролцоо чухал болохыг онцолж, иргэдээс гарсан санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжлан ажиллахаа илэрхийллээ.

Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, бүсчилсэн хөгжлийн хүрээнд орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газраас үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгааг танилцууллаа.




