Өлзийт сумын иргэд тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлийн талаар санал бодлоо хуваалцлаа

Админ

2026.06.28
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй "Ардын нам-Ард түмэндээ" аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Өлзийт суманд ажиллаж, иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр иргэд тэтгэврийн шинэчлэл, хүүхдийн эрүүл мэнд, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс, хүнсний аюулгүй байдлын талаар санал бодлоо илэрхийлэв. Ахмадын тэтгэвэр тухайн үеийн ханшаар тогтоогдсон ч өнөөгийн амьжиргааны өртөг, үнийн өсөлттэй нийцэхгүй байгааг олон иргэн онцолсон юм.

Энэ үеэр Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд буй тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уг шинэчлэл батлагдсанаар олон жил шимтгэл төлсөн иргэдийн хөдөлмөрийг илүү шударгаар үнэлдэг тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байгаа юм.

Шинэчлэлийн хүрээнд:

-Ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс хамааран 100–300 мянган төгрөгийн баталгаат нэмэгдэл тэтгэвэр олгоно.

-Нийт 504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

-Тэтгэврийн итгэлцүүрийг шинэчилж, 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг бүрэн арилгана.

-Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсний дараа үргэлжлүүлэн ажилласан тохиолдолд сарын тэтгэврийг жил бүр 4 хувиар нэмэгдүүлэх зохицуулалт хэрэгжинэ. Эдгээр өөрчлөлт нь хөдөлмөрлөсөн хугацаа, төлсөн шимтгэлд суурилсан шударга тогтолцоог бий болгоход чиглэж байгааг онцолж байлаа. Иргэд ч энэхүү шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм.

Мөн хүүхдийн эрүүл мэндийн бодлогын хүрээнд сургуулийн орчинд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх зөв дадлыг төлөвшүүлэх, стандарт шаардлага хангасан орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай талаар санал хэлэв.

Түүнчлэн орон нутгийн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс бодит нөхцөлтэй харьцуулахад хангалтгүй байгааг иргэд хөндөж, төрийн анхан шатны үйлчилгээний ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааг сайжруулахад бодлогын түвшинд анхаарах шаардлагатайг онцоллоо.

Хүнсний аюулгүй байдлын асуудлаар иргэд зарим худалдааны цэгт хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангахгүй нөхцөлд хадгалах, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдаалах эрсдэл байгааг дурдан, хяналт шалгалтыг эрчимжүүлэх шаардлагатайг уламжилсан юм.

Ажлын хэсгийнхэн иргэдийн дэвшүүлсэн санал, хүсэлтийг анхааралтай сонсож, тэтгэврийн шинэчлэл, хүүхдийн эрүүл мэнд, төрийн үйлчилгээний албан хаагчдын нийгмийн баталгаа, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг бодлого, шийдвэрийн түвшинд уламжлан ажиллахаа илэрхийллээ.