УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: Эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч ажиллана

Админ

2026.05.28
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран “Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхэд талуудын оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.05.28/ зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн дэд дарга Н.Батсүмбэрэл, тус бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаатар, Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн захирал Х.Ганцэцэг, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Баярмаа болон тус дүүргийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч, мэргэжилтэн, албан хаагчид, өрхийн эрүүл мэндийн төвийнхөн, сайн дурын ажилчид оролцсон юм.

УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн дэд дарга Н.Батсүмбэрэл “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо болон УИХ-ын төвшинд эрүүл мэндийн салбартай холбоотой хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, өргөн барьж батлуулсан хууль, тогтоомж, эмч, мэргэжилтнүүдийн цалин, хангамжийг сайжруулах чиглэлийн талаар танилцуулав.

Тэрбээр “Эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч ажиллах ёстой. Манай улсын ДНБ-ий 3.5 хувь нь л эрүүл мэндийн салбарт зарцуулагддаг. ДЭМБ-ын өгсөн зөвлөмжийн дагуу энэ хувийг 5-6 хувьд хүргэх шаардлагатай гэж үздэг. Ингэснээр хүний эрүүл мэндийг хамгаалах, энэ салбар бэхэжнэ гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн даатгал, эмийн асуудал гээд манай улсын хувьд илүү боловсронгуй болгох, сайжруулах асуудал байсаар байна. Иймд ирэх 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлана. Энэ хүрээнд Засгийн газраас энэ салбарт дөрвөн чөлөөлөлтийн бодлого дэвшүүлэн ажиллаж байгаа. Хүн, эмч, эмнэлэг, тогтолцоогоо чөлөөлье гэсэн дөрвөн том зорилгыг дэвшүүлж байна” гэв.

УИХ-ын гишүүнээр сонгогдоод хоёр жил гаруй хугацаанд эрүүл мэндийн салбарт томоохон хоёр хуулийн төсөл дээр бусад гишүүдийн хамт идэвхтэй оролцож, өргөн барьж, батлуулсан гэдгээ онцлов. Тодруулбал, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль, мөн Цусны донорын тухай хууль бөгөөд цаашид ч эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн дэд дарга Н.Батсүмбэрэл илэрхийлж байлаа.