Төвшрүүлэх суманд эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлэх шаардлагатай

Админ

2026.07.01
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд үргэлжилж, намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар ахалж, иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзав.

Уулзалтын үеэр иргэд эрчим хүчний найдвартай хангамж, орон нутгийн хөгжил, жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийн орчны тулгамдсан асуудал, ажлын байр нэмэгдүүлэх боломжийн талаар санал бодлоо солилцож, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл авлаа.

Төвшрүүлэх сумын иргэн Б.Бат-Эрдэнэ: “Манай суманд цахилгааны тасалдал олон гардаг нь айл өрхийн амьдрал төдийгүй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг. Ногоон болон сэргээгдэх эрчим хүчээр найдвартай цахилгаан хангамжийг бүрдүүлэх нь орон нутгийн хөгжлийн чухал үндэс гэж үзэж байна. Мөн ENAM платформоор дамжуулан санал хүсэлтээ шуурхай хүргэж, төрийн бодлогын талаар мэдээлэл авах боломж бүрдсэн нь иргэдийн оролцоог нэмэгдүүлж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн сумын иргэд эрчим хүчний дэд бүтцийг шинэчлэх, цахилгааны тасалдлыг бууруулах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг эрчим хүч нь орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалт, бизнесийн өсөлтийн суурь нөхцөл болохыг онцолж, иргэдээс гарсан санал, хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.

Мөн тэрээр бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эрчим хүчний дэд бүтцийг үе шаттай сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутагт бизнес эрхлэх боломжийг өргөжүүлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар иргэдэд танилцууллаа.