Төрөлжсөн ахлах сургууль, хотхоны бага сургуулийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна

Админ

2026.11.03
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны ээлжит хурал /2026.11.02/ боллоо.

Энэ удаагийн хуралд Монгол Ардын Намын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ оролцож намаас 2024 оны сонгуульд дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, салбар бүрээр сайн хэрэгжсэн зүйл заалтууд, мөн бага хувьтай болон огт хэрэгжиж эхлээгүй заалтын талаар танилцуулав.

Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын 11 хорооны оролцоотойгоор олон улсын MARPOR аргачлалаар хийсэн тул илүү нарийвчлалтай, бодит үнэлгээ гаргасан байна.

Мөрийн хөтөлбөр одоогоор 40 хувийн хэрэгжилттэй байгаа бөгөөд салбар бүрээр үнэлэхэд боловсролын салбарт чиглэсэн мөрийн хөтөлбөрийн заалтууд 41.9 хувийн хэрэгжилттэй байна. 

Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн 1.3.2-т “Хүн амын нягтаршил, өсөлт, газар зүйн онцлог, хүртээмжид үндэслэн гэрт хамгийн ойр “Бага сургуулийн цогцолбор” сургуулиудыг байгуулна” гэж заасан.

Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооноос цаашид:

  • Боловсролын цахим шилжилт 
  • Олон улсын хөтөлбөртэй Кембрижийн ахлах сургууль
  • Төрөлжсөн ахлах сургууль, хотхоны бага сургууль зэрэг сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо. 

Тус бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах болон хорооны бүрэлдэхүүнд ажилладаг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир,  боловсрол, шинжлэх ухааны салбарын удирдах албаны хүмүүс, мэргэжилтнүүд, судлаач, эрдэмтэд, намын дэргэдэх холбоодын төлөөлөл хуралд оролцож энэ салбарт нэн тулгамдаж буй асуудлаар санал солилцов.