Тухайн бүсэд тулгамддаг асуудлын шалтгаан, бодлогын шийдлүүдийг салбар хэлэлцүүлгээс нэгтгэлээ

Админ

2026.11.07
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын удирдах ажилтны Зүүн болон Говийн бүсийн зөвлөгөөн өнөөдөр /2026.11.07/ Дорноговь аймгийн Сайншанд хотод салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна. 

Салбар хэлэлцүүлэгт МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, Л.Дашдэмбэрэл болон УИХ-ын гишүүд оролцож төлөөлөгчдийн асуултад хариулав.

Зөвлөгөөний хүрээнд дараах таван чиглэлээр салбар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүнд:

* “Гишүүн төвтэй нам-Е4 стратеги”-ийг хэрэгжүүлэх

* Эмнэлгийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах

* Инновац, бүтээмжийг нэмэгдүүлэх

* Бүс, нутгийн хөгжил

* Нийгмийн хамгаалал, хүний эрхийн бодлогын талаар Зүүн болон Говийн бүсийн хэмжээнд тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шалтгаан, шийдвэрлэх боломж, хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлийн талаар орон нутгийн удирдлага, төлөөлөгчид санал бодлоо нээлттэй солилцов.

Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг бүсийн зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд танилцуулна.

Тухайлбал, "Гишүүн төвтэй нам Е4 стратеги"-ийг хэрэгжүүлэх бодлогын хорооны хэлэлцүүлгээр Зүүн болон Говийн бүсийн намын гишүүнчлэлийн бүтэц, хүний нөөц, цахим бүртгэл, манлайллын хөгжил, сонирхлын бүлгүүдийг бодитоор дэмжих, оролцоог сайжруулахад анхаарах талаар ярилцлаа.

Нийгмийн хамгааллын салбар хэлэлцүүлгээр намын мөрийн хөтөлбөрт тусгасан төрийн аливаа ажилд иргэдийн хяналт тавих тогтолцоог технологийн шийдлээр сайжруулах, шилэн ажиллагааг үргэлжлүүлэх тухай хөндөв.

Мөн эмнэлгийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах салбар хэлэлцүүлгээр хүн төвтэй, нэгдмэл, тасралтгүй, хүртээмжтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгардаг саад, бэрхшээлийг орон нутагт хэрхэн шийдэх талаар ярилцлаа.

Бүс, нутгийн хөгжлийн салбар хэлэлцүүлэг нь тухайн бүс нутгийн байгалийн баялаг, хүн ам, хөдөлмөрийн нөөц, үйлдвэрлэлийн хүчин чадал, дэд бүтцийн холбоог хөгжүүлэх, инновац, бүтээмж нэмэгдүүлэх салбар хэлэлцүүлгээр тухайн аймаг, суманд нэн түрүүнд шийдэх шаардлагатай асуудлууд, түүнийг хэрхэн шийдэх талаар оролцогчид санал бодлоо нэгтгэв.

Бүсийн зөвлөгөөн, салбар хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан санал, шүүмжлэлийг намын дараагийн бодлого, үйл ажиллагаанд тусгах ач холбогдолтой юм.