Монгол Ардын Намын дэргэдэх Улс төрийн манлайллын академиас Фридрих-Эбертийн сан, МУИС-тай хамтран үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэх ээлжит сургалтыг таван өдрийн турш зохион байгуулж өнөөдөр /2026.08.28/ хаалтаа хийлээ.

Энэхүү сургалтад нийслэлийн есөн дүүрэг, есөн аймгаас намын дэргэдэх таван төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 29 хүн оролцов. Тэд нийгэм, эдийн засаг, мэдээлэл технологи, уламжлалт сэтгэлгээ, соёл, хэв маяг зэрэг олон сэдвээр нийт найман модуль бүхий 40 цагийн багц сургалтад хамрагдаж амжилттай төгслөө. Сургалтын явцад идэвх, оролцоо, санаачилгаараа бусдыгаа манлайлсан шилдэг оролцогчоор Сэлэнгэ аймгийн сургагч багш Н.Эрдэнэцэцэг шалгарав.

Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Улс төрийн манлайллын академийн захирал Б.Золбадрал, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь салбарын захирал Б.Сарангуа, МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш О.Мөнхжаргал нар сургагч багш нарт сертификатыг гардуулж баяр хүргэлээ.

Сургалтын үйл ажиллагааг хааж Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл үг хэлэхдээ сургагч багш нар сургалтаас олж авсан мэдлэг, мэдээлэл, ур чадвараа бусдадаа дамжуулах, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх нь сургалтын зорилго, үр дүн гэдгийг онцлов.

Намын дэргэдэх Улс төрийн манлайллын академиас өнгөрсөн хугацаанд дэргэдэх холбоод болон орон нутагт манлайллын цогц сургалтыг зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй, эрэлт хэрэгцээтэй байсан тул энэ удаад сургагч багш нарыг үргэлжлүүлэн бэлтгэж байгаа нь энэ.

Цаашид сургагч багш нар, манлайллын ийм сургалтыг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тухайн орон нутагт зохион байгуулах санал, хүсэлт ирүүлж байгаа тул бусад аймаг, дүүрэг, хороо, сумын төлөөллийг дараагийн сургалтад хамруулах чиглэлээр ажиллах юм.









