Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар хэрэгжүүлж буй "Ардын нам – Ард түмэндээ" аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна. Аяны хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий сумдад ажиллаж, намын хорооны гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэр, "Чөлөөлье" аяны хүрээнд хэрэгжүүлж буй эдийн засаг, ногоон хөгжил, авлигын эсрэг бодлого, хууль зүйн шинэчлэлийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж, иргэдийн асуултад хариулан санал солилцов.

Мөн Монгол Ардын Намын дарга Н.Учралын дэвшүүлсэн гишүүн төвтэй E4 стратеги, E-NAM 3.0 платформын үйл ажиллагаа, хэрэглээний талаар мэдээлэл өгч, ашиглах зааварчилгааг танилцууллаа.

Хоёр өдөр үргэлжилсэн уулзалтад Уянга, Бат-Өлзий сумдын намын хорооны гишүүд, дэмжигчид болон иргэдээс бүрдсэн нийт 300 гаруй хүн оролцов.

Өвөрхангай аймаг 19 сумтай. Уянга, Бат-Өлзий сумдад нийт 9 мянга орчим хүн байнга оршин суудаг бөгөөд иргэдийн дийлэнх нь мал аж ахуй эрхэлж, тодорхой хэсэг нь уул уурхай, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байна.

Орон нутгийн удирдлагууд иргэдийн амьдрах орчныг сайжруулах, залуучуудын боловсрол, хөгжлийг дэмжих, ахмад настнуудын нийгмийн оролцоо, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хэрэгжүүлж байгааг уулзалтын үеэр онцоллоо.

Тухайлбал, Уянга суманд ерөнхий боловсролын хоёр сургууль, Бат-Өлзий суманд хоёр сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сурагчдын сурлагын чанар, элсэлтийн ерөнхий шалгалтын үзүүлэлтээр аймагтаа төдийгүй улсын хэмжээнд өндөр үнэлэгдэж байна. Мөн Уянга сумын Ахмадын хороо "Улсын тэргүүний ахмадын хороо"-оор удаа дараа шалгарч, идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна.

Бат-Өлзий суманд бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байна. Ирэх таван жилийн хөгжлийн бодлогодоо иргэдээ орон сууцжуулах, хатуу хучилттай тойрог замыг бүрэн дуусгах, аялал жуулчлалыг дэмжсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний үр дүнгээ хэдийнэ өгч эхэлжээ.

Тухайлбал, орчин үеийн стандартад нийцсэн 60 айлын "Хүрхрээ Таун" хотхоны эхний 30 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 6.2 км хатуу хучилттай авто замыг барьж эхлээд байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, мод тарих, арчлах, ургуулах ажлыг тогтмол хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа.

Хэдийгээр орон нутагт хөгжлийг дэмжсэн олон ажил бодит үр дүнгээ өгч байгаа ч төрөөс анхаарах шаардлагатай асуудал цөөнгүй байгааг иргэд хэлж байв. Тэд өндөр настнуудын тэтгэврийн зээлийн хүүгийн асуудлыг шийдвэрлэх, хоршоог дэмжих зээлийн нөхцөлийг бодит амьдралтай нийцүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сумын Засаг дарга нарын эрх мэдлийг өргөжүүлэх зэрэг асуудлыг бодлого боловсруулагчдад уламжилж өгөхийг хүссэн юм.

Ажлын хэсэг Уянга, Бат-Өлзий сумдад ажиллах үеэрээ намын хорооны гишүүд, дэмжигчдийн гэрээр зочилж, Монгол Ардын Намын дарга Н.Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын мэндчилгээг уламжиллаа.
"Ардын нам-Ард түмэндээ" аян Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин сумдад үргэлжилнэ.






