Сүхбаатарын Уулбаянд Enam 3.0 платформыг танилцуулж, гишүүдийн санал хүсэлтийг авлаа

Админ

2026.06.23
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Уулбаян суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийлээ.

Ажлын хэсэг Уулбаян суманд ажиллах үеэрээ уулзалтыг зөвхөн танилцуулга хэлбэрээр бус, гишүүдийн санал хүсэлтийг сонсох, анхан шатны байгууллагын нөхцөл байдлыг газар дээр нь танилцах, гишүүдийн мэдээлэл, оролцоог идэвхжүүлэх чиглэлээр зохион байгууллаа.

Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Д.Амарбат “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго, орон нутгийн намын байгууллагын уялдаа холбоо, цаашдын ажлын чиглэлийн талаар мэдээлэл өгч, сумын гишүүд, дэмжигчидтэй санал солилцов.

УИХ-ын гишүүн М.Мандхай Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх бодлого, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, хөдөө аж ахуй, хүнс, малчид, иргэдийн амьдралд чиглэсэн бодлогын талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МАН-ын Бага хурлын гишүүн Х.Оюунцэцэг ажиллаж байсан Мөн ажлын гишүүд Г.Батсайхан, Г.Отгонтунгалаг нар намын бодлого, гишүүн төвтэй E4 стратеги, Enam 3.0 аппликэйшн, гишүүдийн санал асуулга, судалгаа болон уулзалтын зохион байгуулалтын чиглэлээр хамтран ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг нэгтгэн тэмдэглэв.

Уулзалтын үеэр ахмад настны нийгмийн хамгаалал, Үндэсний баялгийн сан, малчдын амьжиргаа, хөдөө аж ахуйн бодлого, боловсролын шинэчлэл, татварын бодлого, хууль хэрэгжилт, баяр наадмын тухай хуулийн хэрэгжилт, мал аж ахуйн статистик, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнэ, гадаадад суралцах оюутны дэмжлэг, үүрэн холбооны сүлжээний хүртээмж зэрэг асуудлаар иргэд санал хүсэлтээ илэрхийллээ.

УИХ-ын гишүүн М.Мандхай иргэдийн гаргасан санал хүсэлт бүрийг тэмдэглэн авч, УИХ дахь намын бүлэг болон холбогдох төрийн байгууллагуудад уламжилж, бодит шийдэл гаргах чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.

Мөн энэ үеэр  тус сумын ахмад гишүүдийнд хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын намын дарга Н.Учралын мэндчилгээг уламжилж санал бодлыг нь сонслоо. 

Намын хүч бол анхан шатандаа, гишүүдийн идэвх оролцоо, иргэдийн итгэл үнэмшилд байдаг. Уулбаян сумын намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ уулзалтад идэвхтэй оролцож, үнэтэй санал бодлоо хуваалцсанд ажлын хэсгийнхэн талархал илэрхийллээ. Гишүүн төвтэй, иргэддээ ойр, хариуцлагатай намын шинэчлэлийг хамтдаа үргэлжлүүлж байна.