
Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхэлсэн энэ өдөр Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “БӨРТЭ” Гэр бүл, Эмэгтэйчүүдийн Академи албан ёсоор нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Дэлхий нийт байгаль орчны тулгамдсан асуудлын шийдлийг хэлэлцэж буй энэ цаг үед хүний хөгжил, гэр бүлийн тогтвортой байдал, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, мэдлэг, инновацийг дэмжих шинэ платформ болох “Бөртэ” академи үйл ажиллагаагаа эхлүүлж буй нь онцлог юм.

Академийн нээлтэд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож, үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ Монгол Улс дэлхийн хэмжээний энэхүү томоохон хурлыг эх орондоо зохион байгуулж байгааг онцолж, цөлжилт, газрын доройтол нь зөвхөн төр засаг, мэргэжлийн байгууллагын бус, иргэн бүрийн анхаарах ёстой асуудал гэдгийг тэмдэглэв.
Тэрбээр дэлхий нийт цөлжилттэй тэмцэх хамгийн үр дүнтэй шийдэл, шинэ санаачилга, инновацийг эрэлхийлж буй энэ үед COP17 нь улс орнууд шилдэг туршлагаа хуваалцаж, бодит шийдэл тодорхойлох чухал боломж болж байгааг онцолсон юм.
Мөн энэ үеэр СДМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяагийн удирдлага дор “Бөртэ” Гэр бүл, Эмэгтэйчүүдийн Академийн үйл ажиллагааг эхлүүлж буйд баяртай байгаагаа илэрхийлж, тус академи нь улс төр, бизнес, нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй хөгжлийн институц болно гэдгийг онцлов.

Ерөнхий сайд Н.Учрал эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг системтэйгээр дэмжих академи байгуулах санаачилгыг бодит ажил болгон хэрэгжүүлж, гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийг хамтад нь авч үзсэн үндэсний хэмжээний платформ болгон эхлүүлж буйд талархал илэрхийлж, академийн хамт олонд амжилт хүслээ.

“Бөртэ” академи нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан сургалтын байгууллага байхаар хязгаарлагдахгүй. Харин эмэгтэй хүнээр дамжуулан гэр бүл, эрэгтэйчүүд, хүүхэд залуус болон нийгмийн хөгжлийг дэмжиж, Монгол хүний үнэт зүйл, мэдлэг, ур чадвар, хариуцлагыг төлөвшүүлэх үндэсний хөгжлийн платформ болон хөгжих зорилготой. Энэ хүрээнд сургалт, үнэлгээ, менторшип, судалгаа, бодлогын лаборатори, хиймэл оюун болон өгөгдөлд суурилсан хөгжил, олон улсын хамтын ажиллагааг нэг системд уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн 2030 он гэхэд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 сум болон хилийн чанадад амьдарч буй Монголчуудыг холбосон үндэсний хэмжээний хөгжлийн сүлжээ бий болгохыг зорьж байгаа юм.







