Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн хоёр дахь удаагийн хурал боллоо.

Хуралд тус холбооны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг, Удирдах зөвлөл болон Бодлогын зөвлөлийн гишүүд оролцов.

Энэ удаагийн хурлаар Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны өнгөрсөн хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, төлөвлөгөөг өргөтгөсөн байдлаар хэлэлцлээ. Мөн холбооны удирдлага, бүтэц шинэчлэгдсэнээс хойш хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шинэ бүтэц, зохион байгуулалт хэрхэн ажиллаж буй талаар удирдлагууд тайлангаа танилцуулсан юм.

Үйл ажиллагааны тайланг удирдлага, зохион байгуулалт, олон улсын хамтын ажиллагаа, стратегийн тэргүүлэх чиглэл зэрэг таван үндсэн чиглэлээр нэгтгэн Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Тус холбооны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь институт, сүлжээ, манлайлал, бодлогын нөлөөг зэрэг хөгжүүлсэн үндэсний хэмжээний байгууллага болон төлөвшин хөгжиж байгааг онцоллоо.
Мөн цаашид эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллыг дэмжих, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, нөлөөллийг бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаа илэрхийлэв.














