Монгол Ардын намын санаачлан хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Булган аймгийн төв Булган суманд намын гишүүд, дэмжигчид болон иргэдийн төлөөлөлтэй хийх уулзалт, ярилцлагыг зохион байгуулав.

Арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, аймгийн намын хорооны дэд дарга Т.Баярбат, Аймгийн ИТХ-ын дарга Л.Ганзориг, Булган сумын намын хорооны дарга Д.Бямбажаргал нар оролцож, орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн зорилт, мал аж ахуй, боловсрол, эрүүл мэнд болон дэд бүтцийн чиглэлээр тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдийн санал бодлыг сонслоо.

Уулзалтад оролцсон иргэд, намын гишүүд орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргаа, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой санал, хүсэлтээ нээлттэй илэрхийллээ.

Тэд төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой байдал, иргэдтэй хийх эргэх холбоог сайжруулах шаардлагатай байгааг онцолж хэлэв. Мөн өнөөгийн тэтгэврийн хэмжээ ахмад настнуудын бодит хэрэгцээ, амьжиргааны зардлыг бүрэн хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгож, ахмад настнуудын нийгмийн баталгааг бодитойгоор сайжруулах чиглэлд анхаарах шаардлагатайг санал болголоо.

Түүнчлэн Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 хөгжлийн бодлого, “Чөлөөлье” үндэсний санаачилга, намын үйл ажиллагааны шинэчлэлийг дэмжих зорилгоор нэвтрүүлж буй Enam 3.0 платформын талаар танилцуулж, шинэчлэлийн бодлого, зорилтыг гишүүд, дэмжигчдэд дэлгэрэнгүй мэдээлэв.









