Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаар ахлуулсан төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Эмэгтэйчүүдийн хорооны дарга Со Мён Уг-тай албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал, орон нутгийн эмэгтэй удирдагчдыг чадавхжуулах бодлого, сургалт, туршлага солилцооны талаар дэлгэрэнгүй санал солилцов.
СДМЭХ-ийн ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа Монгол Улсад сонгуулийн хуульд жендэрийн 40 хувийн зохицуулалт тусгагдсан нь эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх чухал алхам болсныг онцолж, эмэгтэй улстөрчдийг бэлтгэх, орон нутгийн манлайлагчдыг чадавхжуулах чиглэлээр БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн өмнө нь KOICA-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжиж байсан эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх төслийн үр дүнг танилцуулж, орон нутаг болон дунд шатны эмэгтэй манлайлагчдыг чадавхжуулах дараагийн шатны төслийг сэргээн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавив.
Уулзалтын үеэр БНСУ-д оршин суугаа Монгол хүүхдүүдийн асуудлыг хөндөн ярив. Д.Үүрийнтуяа гишүүн БНСУ-д хууль эрх зүйн хүндрэлтэй нөхцөлд амьдарч буй Монгол иргэдийн бага насны хүүхдүүд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа асуудлыг танилцуулж, хүмүүнлэгийн үүднээс анхаарч ажиллах хүсэлтээ уламжиллаа.
Үүнд Үндэсний Ассамблейн гишүүн Су Мён Уг “Хүүхэд бол насанд хүрэгчдийн нөхцөл байдлаас үл хамааран хамгаалагдах ёстой. Энэ асуудлыг бид холбогдох байгууллагууд болон Үндэсний Ассамблейн түвшинд дахин судалж, шийдвэрлэх боломжийг эрэлхийлнэ” хэмээн онцлон тэмдэглэв.
Энэхүү уулзалт нь Монгол, Солонгосын эмэгтэйчүүдийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, мөн БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэд, хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулах чиглэлээр бодит үр дүн бүхий уулзалт боллоо.

