Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх “Их нүүдэл” шатрын хөтөлбөрийн танилцуулга, хэлэлцүүлэг өнөөдөр /2026.09.03/ Төрийн ордонд боллоо.

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /СДМЭХ/ нь Монголын шатрын холбоотой хамтран хэрэгжүүлж буй энэхүү “Их нүүдэл” хөтөлбөр нь сурагчдын бүтээлчээр сэтгэх, асуудлыг шийдвэрлэх, хамтран ажиллах зэрэг оюуны хөгжлийн чухал чадварыг дэмжих зорилготой.

СДМЭХ нь таван тулгуурт бодлогынхоо хүрээнд оюуны хөгжлийг дэмжсэн шинэ санаачилгуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагийн нэг нь шатрын спортоор хичээллэх сонирхолтой охид, бүсгүйчүүддээ зориулан “Оюуны нүүдэл” шатрын клубийг холбооны дэргэд ажиллуулж байна.
СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг хэлэхдээ оюуны хөгжил, манлайлал, стратегийн сэтгэлгээ, хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Оюуны нүүдэл” сонирхлын клубт нэгдэж үнэ төлбөргүй, нээлттэй сургалтад хамрагдах боломжтойг олон нийтэд хандаж уриаллаа.

СДМЭХ-ноос хэрэгжүүлж буй “Ментор 105” хөтөлбөрийн менти Х.Нямтэмүүлэн “Оюуны нүүдэл” сонирхлын клубийг үүсгэн байгуулагч бөгөөд олон улсын шатрын шүүгч, спортын дэд мастер, дасгалжуулагч юм. Тус клубийн зүгээс “Их нүүдэл” арга хэмжээ болон Сүхбаатарын талбайд өнөөдөр болсон 9 дүүргийн бага ангийн 300 гаруй хүүхдийн шатрын тэмцээний зохион байгуулалтад ажиллалаа.




