С.Бямбацогт: Намын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” бодлогыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг шийдлээ

Админ

2026.07.09
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гишүүд, дэмжигчдэдээ зориулан Хүй долоон худагт зохион байгуулж буй хүндэтгэлийн арга хэмжээ үргэлжилж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны зарим гишүүд, дэмжигчдийг хүндэтгэн хүлээн авч байна.

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга С.Бямбацогт, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, 34 дэх Ерөнхий сайд, намын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Занданшатар, намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, Нийслэлийн  ИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга П.Мөнхтөр, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын удирдах бүрэлдэхүүн оролцлоо.

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга С.Бямбацогт баярын мэндчилгээг хүргэж үг хэлэв. Тэрбээр Удирдах зөвлөлийн Ажлын албанаас улс орон даяар зохион байгуулсан “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ болоод Засгийн газар, намын бодлого, шийдвэр, хууль тогтоомжийн талаар мэдээлэл хүргэж ажилласанд талархал илэрхийлэв.

Мөн намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө парламентын зүгээс хууль эрх зүйн олон шийдвэр гаргасныг дурдлаа. Тухайлбал, олон хүний хүсэн хүлээдэг, хөнддөг байсан тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл, татварын багц хуулийн шинэчлэл, эдийн засгийн чөлөөлөлт, төрийн хүнд суртал зэргийг халсан хууль эрх зүйн орчин, боломжийг бий болгосныг онцлов.

Энэ жишгээр УИХ, Засгийн газар нягт хамтран ажиллаж иргэдэд ээлтэй олон шийдвэрийг өнгөрсөн хаврын чуулганаар баталж чадсан гэдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт Сонгинохайрхан дүүргийн намын гишүүд, дэмжигчдэд танилцуулж байлаа.

Мөн 34 дэх Ерөнхий сайд, намын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар Сонгинохайрхан дүүргийн намын хорооны гишүүд, дэмжигчдэдээ баярын мэндчилгээ хүргэлээ.