Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Архангай аймгийн Цэнхэр суманд намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй хийх уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар ахлан зохион байгууллаа.
Уулзалтын үеэр иргэд орон нутгийн хөгжил, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, татварын бодлого, ажлын байр нэмэгдүүлэх боломжийн талаар санал бодлоо илэрхийлж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар мэдээлэл солилцлоо.
Цэнхэр сумын иргэн Д.Батмөнх “Хөдөө орон нутагт бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд татварын ачаалал тодорхой хэмжээнд хүндрэл учруулдаг. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, ажлын байр бий болгохын тулд татварын хөнгөлөлт, дэмжлэг хэрэгтэй байна. Татварын бодлого нь бизнесээ хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлсэн, иргэдэд ээлтэй байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Иргэдийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн татварын хөнгөлөлтийн бодлого хэрэгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгож буй бизнесүүдийг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг түлхүү хөндөж байв.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг орон нутгийн эдийн засгийг тэлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд бизнес эрхлэгчдийн оролцоо чухал болохыг онцолж, татварын бодлогыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү ээлтэй болгох чиглэлээр гарч буй санал хүсэлтийг холбогдох түвшинд уламжлан ажиллахаа илэрхийллээ.
Мөн төрөөс хэрэгжүүлж буй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, бүсчилсэн хөгжлийн хүрээнд орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, бизнес эрхлэх орчныг сайжруулах чиглэлээр үе шаттай ажлууд хэрэгжиж байгааг мэдээлэв.







