Орон нутагт ажиллах залуусыг дэмжих бодлого, боломжийг нэмэх шаардлагатай байна

Админ

2026.06.23
Үйл явдлын мэдээ

Орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан баг Хэнтий аймгийн Галшар суманд ажиллаж, сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа.

Монгол Ардын намын даргын зөвлөх Г.Дашням болон холбогдох албаны хүмүүсийн хамт ажилласан тус баг намын гишүүд, дэмжигчдийн санал бодол, хүсэлтийг сонсож, орон нутагт тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах чиглэлүүдийн талаар ярилцлаа.

Уулзалтаар Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагаа, Улсын Их Хурал болон Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл хүргэхийн зэрэгцээ сумын хөгжил, иргэдийн амьдралын чанарт чиглэсэн санал, санаачилгыг хэлэлцсэн.

Орон нутагт залуу боловсон хүчин ховор, тогтвор суурьшилтай ажиллах 40 хүртэлх насны залуусын тоо цөөн, шилжилт хөдөлгөөн их байгаа нь сумын хөгжилд тулгамдаж буй асуудлын нэг болохыг уулзалтад оролцогчид хэлж байв. Иймд орон нутагт ажиллаж, амьдрах залуучуудын боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, тэднийг дэмжих бодлого, боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар санал солилцов.

Мөн намын үйл ажиллагааг тасралтгүй, тогтмол зохион байгуулж, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлтийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах нь чухал гэдгийг тэмдэглэлээ.

Энэ үеэр сумын намын ахмад гишүүн А.Бат-Эрдэнэ, С.Дарьсүрэн, О.Чимэддамба нартай уулзаж, Монгол Ардын намын даргын мэндчилгээг уламжиллаа.

Ахмад гишүүд сум орон нутгийн хөгжил, намын байгууллагын залгамж холбоо, залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх талаар өөрсдийн санал, зөвлөмжөө хуваалцав. Түүнчлэн залуу боловсон хүчнийг дэмжиж, намын үйл ажиллагаанд идэвхтэй татан оролцуулах, тэднийг намын анхан шатны нэгжүүдийг ахлан ажиллах боломж, нөхцөлөөр хангах шаардлагатай гэсэн саналыг онцлон хэллээ.

Иргэд, намын гишүүдийн дуу хоолойг сонсож, бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан шийдвэр гаргах нь “Ардын нам-Ард түмэндээ” аяны гол зорилго юм.