Монгол Ардын Намын “Ардын нам-Ард түмэндээ” аян Хэнтий аймгийн Норовлин суманд үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Г.Хэрлэнчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг нутгийн иргэд, намын гишүүд, дэмжигчид болон ахмад гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МАН-ын Технологи, инновацын бодлогын хорооны нарийн бичгийн дарга С.Мөрөн, Норовлин сумын Засаг дарга, сумын МАН-ын хорооны дарга Ө.Даваажаргал болон орон нутгийн намын байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Монгол Ардын Намын “Гишүүн төвтэй Е4 стратеги”, Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” аян, намын үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн E-Nam 3.0 платформын талаар танилцуулж, иргэдийн саналыг сонслоо.

Намын ахмад гишүүдийн зүгээс тэтгэвэр, ахмад настнуудын амьжиргаа, үнийн өсөлттэй холбоотой асуудлыг түлхүү хөндөж, тэтгэврийн шинэчлэл, нэмэгдлийн хэрэгжилт, ахмад настнуудын нийгмийн баталгааг сайжруулах асуудлыг бодитой, ойлгомжтой, шуурхай шийдвэрлэх шаардлагатайг онцолсон юм.

Түүнчлэн намын дээд түвшинд үүсэж буй асуудлын талаар гишүүд, дэмжигчдэд үнэн зөв, шуурхай мэдээлэл хүргэж, намын эв нэгдэл, хариуцлага, сахилга батыг бэхжүүлэх нь чухал гэдгийг ахмад гишүүд илэрхийлж байлаа.

Ажлын хэсгийнхэн уулзалтын үеэр гарсан иргэдийн санал, хүсэлт, зөвлөмжийг нэгтгэн, цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллахаа мэдэгдэв. “Ардын нам-Ард түмэндээ” аян нь анхан шатны намын байгууллага, гишүүд, дэмжигчид, иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал санаачилгыг намын бодлого, үйл ажиллагаанд тусгах зорилготой бөгөөд улс орон даяар амжилттай үргэлжилж байна.





