Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хорооноос энэ салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй өнөөдөр /2026.06.04/ уулзлаа.

Уулзалтыг намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг тэргүүлж МАН-ын Удирдах зөвлөл дэргэдээ бодлогын 11 хороог байгуулсан зорилго, тэдгээрийн ажиллах дүрэм, зохион байгуулалт, хариуцан ажиллах салбар, чиг үүрэг, оролцоо, шийдвэр гаргах түвшинд хүртэл санал боловсруулах боломжийн талаар товч танилцуулав.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ахалж буй Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо нь 36 гишүүнтэй бөгөөд тэдний оролцоо, эргэх холбоотой ажиллаж буй зарчим, хийж буй ажлын төлөвлөгөө, зорьж буй үр дүн, зохион байгуулсан хэлэлцүүлгээс гаргасан санал зөвлөмж, түүнийгээ удирдах төвшинд хүргэсэн байдал зэргийг бодлогын хорооны Нарийн бичгийн дарга П.Норовсамбуу танилцууллаа.
Мөн Ерөнхий сайдын зөвлөх Г.Эрдэнэтуяа уулзалтад оролцож Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, өнөөдрөөс нийгмийн сүлжээнд ил тод болж буй холбогдох журмын талаар танилцуулав.

Өнөөдрийн уулзалтад төрийн бус байгууллагын 130 гаруй төлөөлөл оролцож дээрх хууль, журмын талаар санал бодлоо солилцон салбарын бүртгэл, гишүүнчлэл, тулгамдаж буй асуудлаа дэлгэрэнгүй ярилцсан байна. Энэхүү хууль, журмын дагуу төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөн ажиллаж буйгаа Ерөнхий сайдын зөвлөх Г.Эрдэнэтуяа хэллээ.
Цаашид мэргэжлийн холбоод төрийн үйлчилгээг авч ажиллах өндөр чадамжтай, илүү үүрэг хариуцлагатай болно хэмээн үзэж байгаагаа Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг тодотгов.








