Намын дотоод шинэчлэл, залгамж халааг бэхжүүлэхэд залуучуудын оролцоо чухал

Админ

2026.06.26
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажиллаж, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид, иргэдтэй уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтыг Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд МАН-ын хорооны дарга Б.Ганбат, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Төмөрбаатар болон намын анхан шатны байгууллагын төлөөлөл хамтран зохион байгуулав. Уулзалтыг нээж ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ энэхүү уулзалт нь алга ташилт сонсохын төлөө бус, иргэдийн санал хүсэлт, шүүмжийг сонсож, бодит нөхцөл байдалтай танилцах зорилготойг онцоллоо.

Тэрээр Засгийн газрын бодлого, хэрэгжүүлж буй томоохон төсөл, арга хэмжээ, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” аяны хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад нээлттэй хариуллаа.

Мөн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны улс төрийн ажилтан Б.Баярбат намын даргын дэвшүүлсэн Гишүүн төвтэй Е4 стратеги, E-Nam 3.0 платформын шинэчлэл, ашиглах боломж, давуу талын талаар танилцуулав. 

Уулзалтын үеэр намын гишүүд, дэмжигчид, иргэд орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг хөндөн, дараах саналуудыг ажлын хэсэгт уламжиллаа. Үүнд: 

    • Малчдын бодит амьдралд нийцүүлэн зарим хууль, эрх зүйн зохицуулалтыг дахин судлах, Төрийн албан хаагчдын цалин, нэмэгдэл, сургалт, хөгжлийн тогтолцоог сайжруулж, орон нутагт тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх,
    •      Өндөр настны тэтгэврийн зөрүүг арилгах, Мах, гурил, сүү зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах,
    •       Иргэдийн нийгмийн баталгааг хангах, амьдралд ээлтэй бодлого, шийдвэрийг эрчимжүүлэх. 
    •         Арвайхээр сумын 7 дугаар багийн Засаг дарга Н.Чойгонжанцан архины хамаарал орон нутагт гэмт хэрэг, зөрчлийн суурь шалтгаан болж байгааг онцолж, үйл ажиллагаа нь зогсоод буй Наркологийн төвийг боловсон хүчин, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн дахин ажиллуулах шаардлагатайг онцолж байлаа. 

Харин Арвайхээр сумын ИТХ-ын дарга Ц.Төмөрбаатар намын залгамж халааг бэлтгэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг онцолж, ахмад гишүүдийн туршлагыг шинэ үеийн манлайлалтай хослуулан намын шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ. Ажлын хэсгийнхэн уулзалтаас гарсан санал, хүсэлт, шүүмжлэл, зөвлөмжийг нэгтгэн холбогдох байгууллагуудад уламжилж, бодлого, шийдвэрт тусгуулах чиглэлээр ажиллахаа илэрхийлэв. 

Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан намын гишүүд, дэмжигчдийг салбарын болон намын шагналаар шагнаж урамшуулав.

Ажлын хэсэг Арвайхээр суманд ажиллах үеэрээ 1952 онд Монгол Ардын Намд элссэн, Өвөрхангай, Архангай аймгийн намын хорооны нарийн бичгийн даргаар олон жил ажилласан, 97 настай ахмад гишүүн И.Равдан, ахмад гишүүд Б.Авирмэд, Б.Дашпунцаг, С.Батдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч С.Мөнхдалай нарын гэрээр зочлон хүндэтгэл үзүүлж, тэдний үнэтэй зөвлөгөө, санал бодлыг сонслоо.