Намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай

Админ

2026.06.29
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас улс орон даяар зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн төвд ажиллаж, иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд МАН-ын хорооны дарга Э.Энхбат, “Гишүүн төвтэй нам” Е-4 стратегийг хөгжүүлэх бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаатар, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Энхтүвшин, Б.Батбаяр, МАН-ын Олон нийттэй харилцах хэлтсийн Улс төрийн ажилтан С.Түвшинзаяа нар ажиллалаа.

Уулзалтын үеэр намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, нам болон намын дэргэдэх байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, шинэ гишүүдийг дэмжих, гишүүд, дэмжигчдэд ажлын тайлан, мэдээллийг тогтмол хүргэх шаардлагатай талаар санал бодлоо солилцлоо.

Мөн иргэдийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломж, ахмад настнуудын тэтгэврийн нэмэгдэл, тэтгэврийн зөрүү, тэтгэврийг өвлүүлэх болон нөхөн олгох зохицуулалт зэрэг нийгмийн хамгааллын асуудлыг хөндөн ярилцав.

Түүнчлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлт, орон нутгийн хөгжлийн бодлого, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах чиглэлээр зоригтой, бодитой шийдвэр гаргах шаардлагатайг иргэд онцолж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл иргэд, намын гишүүд, дэмжигчдийн санал, шүүмжлэл бүрийг анхааралтай сонсож, холбогдох асуудлуудыг бодлого, шийдвэр гаргах түвшинд уламжлан ажиллахаа илэрхийллээ.