Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Мандхай нараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын иргэд, намын гишүүд, дэмжигчид, ахмад гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтын үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Монгол Ардын “Гишүүн төвтэй Е4” стратеги, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, ENAM 3.0 платформын талаар танилцууллаа.

Мөн иргэд орон нутагт тулгамдаж буй асуудал, амьжиргааны нөхцөл, тэтгэврийн бодлого, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал, хүсэлтээ илэрхийллээ.

Ажлын хэсгийн зүгээс Эрдэнэсант сумын иргэд, намын гишүүд, ахмадуудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, цаашдын бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийлэв.

“Ардын нам-Ард түмэндээ” аян нь иргэд, намын анхан шатны гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг сонсож, тэдний санал, санаачилгыг намын бодлого, шийдвэрт тусгах, төр, иргэний хамтын оролцоог бэхжүүлэх зорилготойгоор орон даяар үргэлжилж байна.





