Налайхын хөгжлийн бэрхшээлтэй иргэд дуу хоолой, оролцоогоо нэгтгэлээ

Админ

2026.09.18
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн холбооны Налайх дүүргийн салбар байгуулагдаж, анхдугаар хурлаа /2026.09.15 зохион байгууллаа.

Анхдугаар хуралд СДХБИХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн О.Саранчулуун холбооны талаар танилцуулж, НИТХ-ын төлөөлөгч, Налайх дүүргийн Засаг дарга, намын хорооны дэд дарга Д.Наянбаяр цаг үеийн товч мэдээлэл өгөв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчдын төлөөлөл оролцож, холбооны цаашдын үйл ажиллагааны зорилго, чиглэл, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хурлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний санал хүсэлт, дуу хоолойг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Д.Эрдэнэ-Одыг МАН-ын дэргэдэх СДХБИХ-ны Налайх дүүргийн салбарын тэргүүнээр сонголоо. Тус холбоо цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хууль ёсны эрхийг хамгаалах, нийгмийн идэвхтэй оролцоог дэмжих, тулгамдсан асуудлыг сонсож, холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, иргэдийн санал санаачилгыг дэмжих чиглэлээр ажиллах юм.

Ийнхүү Налайх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой, оролцоог нэгтгэх, эрх ашгийг хамгаалах шинэ хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа.