Н.Учрал: Ардын нам ард түмнийхээ дунд ажиллаж, гишүүн төвтэй нам байх зарчмаа хэрэгжүүлнэ

Админ

2026.10.17
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах ажилтны Баруун бүсийн зөвлөгөөнийг Монгол Ардын Намын дарга Н.Учрал нээж, албан ёсоор эхлүүллээ. 

Зөвлөгөөнд баруун бүсийн таван аймгийн намын байгууллагын удирдлага, анхан шатны байгууллагын төлөөлөл, идэвхтэн сонгуультнууд оролцож байна.

Монгол Ардын Намын дарга Н.Учрал нээлтийн үгэндээ: Монгол Ардын Намын 31-р Их хурлаас дэвшүүлсэн зорилт, намын шинэчлэл, гишүүн төвтэй намыг төлөвшүүлэх бодлого болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Монгол Ардын Нам цаашид ард түмнийхээ дунд ажиллаж, иргэд, гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг сонсон, эргэх холбоотой, энгийн даруу ажиллана гэв.

Монгол Ардын нам 300 мянга гаруй гишүүн, дэмжигчтэй бөгөөд намын хамгийн том үнэт зүйл нь гишүүд, идэвхтэн сонгуультнууд юм. Тиймээс тэдний оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлж, олонхоороо гаргасан шийдвэрээ дагаж мөрдөх ардчилсан зарчмыг шат шатандаа хэвшүүлэх нь чухал гэв.

Түүнчлэн иргэдийн амьдралд бодит үр өгөөжөө өгөх эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх асуудалд анхаарах шаардлагатайг дурдлаа. Түүний хэлснээр, Монгол Улсын эдийн засаг 7.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ч өсөлт уул уурхай, хөдөө аж ахуй, тээвэр логистикийн салбарт түлхүү төвлөрч, худалдаа, үйлчилгээний салбар агшсан байна. Иймд эдийн засгийг төрөлжүүлж, технологи, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар өсөлтийн үр өгөөжийг өрх бүрд хүргэх шаардлагатайг онцоллоо.

Энэ хүрээнд Ховд аймгийн цементийн үйлдвэр, үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус бүсийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 510 га газрыг чөлөөт бүсийн зарчмаар хөгжүүлэн, экспорт болон логистикийн төв бий болгох боломж байгааг дурдав.

Тэрбээр “Баруун бүсийн зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгуулж буй Ховд аймгийн Монгол Ардын Намын хорооны хамт олон болон Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгийн намын удирдах ажилтнуудад талархал илэрхийллээ.