Эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлнэ

Админ

2026.09.30
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэтай /2026.09.29/ Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Талууд хоёр улсын харилцаа эдүгээ “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг сайшаан тэмдэглээд уг түншлэлийн “Хамтарсан мэдэгдэл”-д туссан зорилт, зарчмуудыг тууштай баримталж, “Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөр”-ийг цаашид бодит агуулгаар баяжуулан хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлж буй “Ногоон чөлөөлөлт”, Япон Улсын Засгийн газраас дэвшүүлж буй ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүч болон газрын тосны агуулах сав барих зэрэг чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа талууд тэмдэглэлээ. Японы Засгийн газрын шинэчилсэн “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н санаачилгын хүрээнд хамтран ажиллах боломжийн тухай санал солилцов.Хоёр улсын хоорондын бүхий л түвшний айлчлал, яриа хэлэлцээний агуулгыг баяжуулж, эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дорвитой татах, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэхийн төлөө Засгийн газар хооронд Давхар татварын хэлэлцээр болон Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахын ач холбогдлыг харилцан нотлов.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар дэлхий дахинаа геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, ээдрээтэй энэ цаг үед манай хоёр улс харилцан ойлголцож, нягт хамтран ажиллахын чухлыг онцолж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов. Мөн НҮБ болон олон талт, бусад чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Мөн Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нагояа хотын захирагч Хиросава Ичиро, Айчи мужийн захирагч Оомүра Хидэаки нарыг /2026.09.28/ хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.