Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн бодлогын хорооны V хуралдаан /2026.07.06/ болж, 2026 оны эхний хагас жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хуралдааны үеэр тус хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганмаа хэлэхдээ, Монгол Ардын Намын II Бага хурлаас баталсан тавдугаар тогтоолд Эрүүл мэндийн бодлогын хороонд хамаарах гурван заалт тусгагдсан бөгөөд эдгээр асуудлаар нэгдсэн болон ерөнхий хэлэлцүүлгийг бүрэн зохион байгуулж дуусгасан анхны бодлогын хороо болсныг онцлов.

Монгол Ардын Намын 2024–2028 оны мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих томоохон зорилтуудыг тусгасан. Үүнд хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн тогтолцоог оновчтой үргэлжлүүлэх, эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг хэрэгжүүлж иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах, эмийн чанар, аюулгүй байдал, стандартыг олон улсын түвшинд хүргэх зэрэг зорилтууд багтсан.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн бодлогын хороо мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор ирэх жилүүдэд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, санал, зөвлөмжөө нэгтгэн гаргахаар төлөвлөлөө. Мөн энэ долоо хоногт багтаан 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулах аж.

Хуралдаанаас гарсан шийдвэр, санал, зөвлөмжийг Монгол Ардын Намын удирдлагууд болон Бага хуралд нэгтгэн танилцуулна гэв.






