Монгол Ардын Намын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх E4 стратегийг танилцуулав

Админ

2026.06.28
Үйл явдлын мэдээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэлээр ахлуулсан, МАН-ын дотоод аудитор Ц.Норовжамц, СДМЭХ-ны төвийн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Э.Хулан болон холбогдох албаны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ сарын 27-нд Төв аймгийн Баянжаргалан суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учралын санаачлан хэрэгжүүлж буй “Чөлөөлье” аян, Засгийн газраас хэрэгжүүлж буй онцлох бодлого, шийдвэр, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын санал бодлыг сонсон нээлттэй ярилцав.

Мөн Монгол Ардын Намын гишүүн төвтэй Е4 стратеги, E-Nam 3.0 платформын шинэчлэлийн талаар танилцуулж, гишүүд, дэмжигчдийн асуултад хариулан санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтын үеэр намын даргын дэвшүүлсэн Е4 стратеги нь намын анхан шатны байгууллагад тулгуурлан хэрэгжих бөгөөд гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг ил тод, хэмжигдэхүйц болгох, хариуцлага, эргэх холбоог бэхжүүлэх дөрвөн үндсэн чиглэлд төвлөрч буйг онцлон танилцууллаа. Ингэснээр намын гишүүд зөвхөн дэмжигч бус, бодлого боловсруулах, хэрэгжилтэд оролцох, манлайлах боломжтой болохыг тэмдэглэв.

Түүнчлэн E-Nam 3.0 платформ нь намын гишүүдэд хаанаас ч санал, хүсэлтээ илгээх, үйл ажиллагаанд оролцох, оролцоогоо үнэлүүлэх, эргэх холбоо авах боломжийг бүрдүүлсэн гишүүн төвтэй харилцааны шинэ соёлыг төлөвшүүлэх, орчин үеийн ухаалаг цахим хэрэглээ болохыг танилцуулсан юм.

Энэ үеэр ажлын хэсгийнхэн намын ахмад гишүүдийн гэрээр зочлон хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын Намын дарга Н.Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын мэндчилгээг уламжиллаа.