Монгол Ардын намын дарга Н.Учрал СДМЭХ-ны удирдлагууд, гишүүдтэй уулзав

Админ

2026.05.14
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын дарга Н.Учрал УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг болон гишүүд, дэмжигчид, холбооноос зохион байгуулж буй хөтөлбөрт оролцогч эмэгтэйчүүдийн төлөөллийг өнөөдөр /2026.05.14/ хүлээн авч уулзан санал бодлоо солилцлоо.

Намын дэргэдэх СДМЭХ-ноос “MENTOR-105” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөр нь намын даргын дэвшүүлсэн эмэгтэйчүүд нэгнээ дэмжих, тэднийг бэлтгэх зорилго бүхий “She for She” санаачилгын эхлэл бөгөөд шинэ удирдлагууд олон бүтээлч ажил хийж буйд Монгол Ардын намын дарга Н.Учрал талархаж, цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Тэрбээр “Эмэгтэйчүүд идэвхтэй байвал нийгмийн ажил аяндаа хөтлөгддөг. Иймд манай эмэгтэйчүүдийн байгууллага өнгөрсөн хугацаанд нэлээд өргөжин, идэвхтэй гишүүдийн тоо өссөн нь сайн зүйл. Цаашид шинээр элсэж буй гишүүдээ бэлтгэх, бэлтгэгдсэн эмэгтэйчүүдийг олж илрүүлэх, нам дотор зөв сонгон шалгаруулалтыг явуулах, бие биедээ хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг шат, шатны сонгуульд нэр дэвшүүлэхэд анхаарах нь чухал юм. Ажил, албаа хариуцлагатай, нэр хүндтэй хийсэн, олон хүний итгэл дэмжлэгийг авч сонгогдсон хүн бол улс орны эрх ашгийг нэгдүгээрт бодож ажилладаг. Цаашид улс төрийн намууд төрийг зөв бүрдүүлэхийн тулд шат, шатанд зөв, ёс зүйтэй, хариуцлагатай хүмүүсийг дэмжихэд анхаарах нь чухал байна" гэв.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа Монгол Ардын намын 105 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд тус холбооноос 15 бүтээлч ажлыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь эмэгтэйчүүдийг бэлтгэх “МЕНТОР-105” хөтөлбөр гэдгийг онцлов. Энэ удаагийн уулзалтад тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлд ажиллаж буй 46 ментор эмэгтэй оролцлоо.