Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийслэлийн намын хорооны гишүүддээ зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Хүй долоон худагт зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалтаар Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны 500 гаруй гишүүнийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Х.Алтаншагай, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Н.Бямбагэрэл болон намын бусад удирдлагууд оролцов.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: Монгол Ардын Намын нийт гишүүдэд Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлж, Монгол Ардын Намын дарга Н.Учралын мэндчилгээг уламжиллаа.

Мөн Монгол Ардын Намын даргын бодлого, үйл ажиллагаа, “Ардын нам-Ард түмэндээ” зарчмын хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд болон тэтгэврийн шинэчлэлийн талаар намын ахмад гишүүдэд мэдээлэл өглөө. Түүнчлэн боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарын тоног төхөөрөмжийн шинэчлэл, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг стратегийн томоохон төслүүдийг эрчимжүүлэн хэрэгжүүлж буй талаар танилцууллаа.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны нэр бүхий гишүүдэд салбарын болон намын шагнал гардуулж, намын үйл хэрэг, улс орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, идэвх зүтгэлийг нь үнэлэн Үндэсний их баяр наадмын өмнө шагнаж урамшууллаа.

Мөн Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрын хэрэгжүүлсэн онцлох бодлого, арга хэмжээ, үр дүнгийн талаар намын гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, санал хүсэлт, байр суурийг нь сонссон нээлттэй уулзалт өрнөв. Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны гишүүдийг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ долдугаар сарын 8-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үргэлжилнэ.










