“Монгол Ардын нам төмөр замын хөгжилд” номын нээлт боллоо

Админ

2026.05.01
Үйл явдалын мэдээ

Монгол Ардын намын 105 жилийн ой, Улаанбаатар төмөр замд намын хороо байгуулагдсаны 75 жилийн ойд зориулан бүтээсэн “Монгол Ардын нам төмөр замын хөгжилд” номын нээлт өнөөдөр  /2026.05.01/ Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Х.Хэрлэн арга хэмжээг нээж үг хэлэхдээ “1951 онд МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны тогтоолоор Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газрын дэргэд намын хороог байгуулсан нь улс орны бүтээн байгуулалтад төмөр замчдын эх оронч идэвх оролцоог нэмэгдүүлэх, социалист уралдааныг өрнүүлэх, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, намын гишүүд, удирдах ажилтнуудын манлайллыг өндөржүүлэх, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хамт олныг нягтруулах, тэргүүн туршлагыг дэлгэрүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн” гэв.

Мөн Монгол Ардын намын дарга Н.Учрал мэндчилгээ илгээснийг түүний ахлах зөвлөх Ч.Хүрэлбаатар уншиж танилцуулав. Монгол Улсын хөдөлмөрийн баатар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үе, үеийн ажилтан, албан хаагчид, ахмад зүтгэлтнүүд, залуус, гишүүд, дэмжигчдэд намын 105 жил, Улаанбаатар төмөр замд намын хороо байгуулагдсаны 75 жилийн ойн баярын мэндийг намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал дэвшүүлсэн байна.

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар номын нээлтэд оролцож үг хэлэхдээ зуун дамнасан зузаан түүхтэй намын ахмад зүтгэлтнүүд, номын нээлтэд хүндэтгэн хүрэлцэн ирсэн төмөр замын ахмадууд, өнөөдөр энэ салбарт гол ачааг үүрч байгаа дунд, залуу үеийн төлөөлөлд төмөр замд намын хороо байгуулагдсаны түүхт ойн баярын мэндийг хүргэв.

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ардын багш Б.Даш-Ёндон намын түүхэн шийдвэрүүд нь төмөр замын бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмэр байсныг онцолж байлаа.

Мөн гавьяат багш, түүхийн ухааны доктор С.Тойвгоо 1939 оны арванхоёрдугаар сарын 22-нд Налайх-Улаанбаатарын төмөр замын газрын дэргэд МАХН-ын анхны үүр байгуулагдсан зэрэг түүхээс танилцуулав.

“Монгол Ардын нам төмөр замын хөгжилд” номын редакцын зөвлөл 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж бүтээлээ гаргасныг номыг эмхэтгэсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, төмөр замчин сэтгүүлч  Л.Сэнгээ дурдсан юм.