Намын хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй шинэчлэлээ гишүүддээ танилцууллаа

Админ

2026.07.10
Үйл явдлын мэдээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс нийслэлийн есөн дүүргийн 204 намын хорооны гишүүдэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Хүй долоон худагт гурав дахь өдрөө зохион байгуулж байна.

Өнөөдөр тус арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Баянгол дүүрэг болон Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны 500 гаруй гишүүнийг  хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга М.Говьсайхан, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа болон намын бусад удирдлагууд оролцов.

Арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нээж үг хэллээ. Тэрбээр Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг нийт намын гишүүдэд дэвшүүлж, Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын мэндчилгээг уламжиллаа.

Тэрбээр Монгол Ардын Намын даргын дэвшүүлсэн бодлого, "Ардын нам – Ард түмэндээ" аяны үр дүн, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, томоохон шинэчлэлийн талаар танилцуулж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн улс орны хөгжлийг дэмжих ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэв.

Энэ хүрээнд:

·        Стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг сайжруулж, зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулан, 2037 оноос хүртэхээр төлөвлөж байсан ногдол ашгийг энэ оноос авах боломжийг бүрдүүлсэн.

·        Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулж, нефтийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг эхлүүлэхээр ажиллаж байна.

·        Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлснээр тэтгэврийн зөрүүг бууруулж, олон жил ажилласан иргэн илүү өндөр тэтгэвэр авах боломжийг бүрдүүлсэн.

·        "Чөлөөлье" санаачилгын хүрээнд татварын тогтолцоог шинэчилж, бизнесийн орчны хүнд суртлыг бууруулан, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн боломжийг өргөжүүлж байна.

·        Эрчим хүчний салбарын шинэчлэлийг эрчимжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулах томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Мөн арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны нэр бүхий гишүүдэд Төрийн дээд одон, медаль, салбарын болон Монгол Ардын Намын шагналыг гардуулж, намын үйл хэрэг, улс орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, идэвх зүтгэлийг нь үнэлэн урамшууллаа.

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны гишүүдэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ долоодугаар сарын 8-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үргэлжилнэ.