Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гишүүд, дэмжигчдэдээ зориулан Хүй долоон худагт зохион байгуулж буй хүндэтгэлийн арга хэмжээ үргэлжилж байна.
Энэ удаад нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх, мөн Хан-Уул дүүргийн гишүүдийн төлөөллийг хүндэтгэн хүлээн авлаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга Н.Учрал, Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, О.Саранчулуун, П.Сайнзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын дарга Д.Ихбаяр, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Х.Алтаншагай, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун нарын удирдах бүрэлдэхүүн оролцож байна.

МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар баяр наадмын мэндчилгээг хүргэж нээлтийн үг хэлэв. Тэрбээр намаас улс орон даяар зохион байгуулсан “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ болоод Засгийн газар, намын бодлого, шийдвэр, хууль тогтоомжийн талаар 21 аймгийн намын анхан шатны нэгжид мэдээлэл хүргэж ажилласныг дуулгалаа.
Ийнхүү гишүүдээ сонсдог, оролцуулдаг шинэчлэлийн E4 стратегийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ удаад нийслэлийн есөн дүүргийн гишүүдээ баяр наадмын өдрүүдэд Хүй долоон хутагт хүлээн авч мэдээлэл өгч байна.

Мөн Монгол Ардын Намын дарга Н.Учрал үг хэлэхдээ намын гишүүн бүрдээ хүрч, тэднийгээ сонсдог, харилцдаг, эргэх холбоотой энгийн даруу, идэвхтэй ажиллахын төлөө байгаагаа хэллээ.
Түүний тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн 100 хоногт бүхий л салбарт “Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэн ажилласан. Энэ хугацаанд бодит үр дүнд хүрсэн зарим онцлох ажлаас дурдвал:
-Төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, 67 тэрбум төгрөг хэмнэсэн.
-3.1 их наяд төгрөгийн татвараас иргэн, ААН-үүдээ чөлөөлөх татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан.
-Үл хөдлөх хөрөнгө худалдахад ногдуулдаг 2 хувийн татварыг тэглэсэн.
-Эдийн засгийн эрх чөлөөг бий болгох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан.
-Олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр авах Нийгмийн даатгал, тэтгэврийн хуулийн шинэчлэлийг батлуулсан.
-Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулсан.
-Анхны “Ногоон өртөө” Булган аймагт үүдээ нээлээ.
-Нийслэлийн захиргааны хуучин байрыг Хүүхэд хөгжлийн ордон болголоо.
-Хотхоны бага сургууль байгуулах ажил нийслэлийн “Оюуны Ундраа” сургуулиас эхэлсэн байна.







