Монгол Ардын Намын төлөөлөгчид Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Ардын аж ахуй, төрийн удирдлагын академи (РАНХиГС), Монгол Улсын Эрдмийн их сургуультай хамтран зохион байгуулсан “Төрийн удирдлагын орчин үеийн технологи” сэдэвт мэргэжил дээшлүүлэх сургалтад амжилттай хамрагдаж, өнөөдөр /2026.10.05/ батламжаа гардан авлаа.

Батламжийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков гардуулж, энэ үеэрээ Монгол, Оросын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй, уламжлалт сайн харилцаатай байсаар ирснийг онцлоод, ЗХУ-ын үеэс өнөөг хүртэл Монгол Улсын хүний нөөцийг бэлтгэх, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд хоёр улс хамтран ажилласаар ирснийг тэмдэглэв.
Энэхүү сургалтад Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын алба, намын дэргэдэх Стратегийн академийн эрдэм шинжилгээний ажилтнууд, залуучууд, эмэгтэйчүүд, оюутны холбооны төлөөлөл хамрагдав.
Сургалт нь орчин үеийн төрийн удирдлага, менежмент, манлайлал болон удирдлагын шинэ технологийн чиглэлээр байсан ба оролцогсод онолын мэдлэгээс гадна практик туршлага, орчин үеийн удирдлагын арга барилын талаар мэдлэг, мэдээлэл авч, харилцан туршлага солилцсон, мэдлэг, ур чадвар, манлайлах чадамжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.






