“Ардын нам – Ард түмэндээ” аян Өмнөговь аймагт Манлай сумаас эхэллээ

Админ

2026.06.14
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр: 300 гаруй мянган гишүүдийнхээ итгэл, сэтгэл дээр суурилж үйл ажиллагаагаа явуулах бодлогыг Монгол Ардын нам барьж байна

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам – Ард түмэндээ” аян Өмнөговь аймагт эхэллээ. Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Өмнөговь аймгийн  Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд, Манлай сумын Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгч О. Бат-Эрдэнэ, Сугар нар  энэ сарын 13-нд Өмнөговь аймгийн Манлай суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хэлэлцүүлэг хийлээ.

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Говийн бүсийн эхний уулзалт Манлай сумаас эхэлж байгаад баяртай байна. Монгол Ардын нам гишүүддээ суурилсан нам. 300 гаруй мянган гишүүдийнхээ итгэл, сэтгэл дээр суурилж үйл ажиллагаагаа явуулах бодлогыг Монгол Ардын нам барьж байна” гэдгийг онцлов.

Сүүлийн 10 жилд Монгол Улсын эдийн засаг 23 их наядаас 90 их наяд болж, гурав дахин тэлсэн бол экспорт дөрөв дахин нэмэгджээ. 

2015 онд хатуу хучилттай авто зам 6500 км байсан бол өнөөдөр 11 000 км болсон байна.

Эрчим хүчний эх үүсвэр 2015 онд 1200 МВТ байсан бол өнөөдөр 1900МВТ болж, 700 МВТ-аар нэмэгдсэн байна. 

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд цэцэрлэг 250-аар нэмэгдэж, 2015 онд цэцэрлэгийн хамрагдалт 60 хувь байсан бол өнөөдөр 85 хувь болж нэмэгдсэн байна.

Түүнчлэн Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын боловсруулсан Шударга тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хуулийн төслийг цагаа олсон зөв бодлого гэж  уулзалтад оролцогсод хэлж, УИХ-аас яаралтай батлагдаасай гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлж байлаа. Дээрх хууль батлагдсанаар нийт 504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдэж, 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилах юм. Илүү олон жил ажиллаж, илүү их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авдаг тогтолцоог бүрдүүлнэ гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн билээ.

Манлай сумын Монгол Ардын намын 60 гаруй гишүүд, дэмжигчид оролцсон энэхүү уулзалтаар Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаар мэдээлэл өглөө.

Өндөр настан Ж.Маам: Монгол Ардын намын дарга Н.Учрал зөв бодлого ярьж байна

Мөн тус сумын  өндөр настан Н.Намжилцэрэн, Ж.Маам, Ц.Оюунтогоо нарынд зочилж, хүндэтгэл үзүүллээ.

Эдүгээ нас сүүдэр 97 хүрч байгаа Н.Намжилцэрэн МАН-ын ахмад гишүүдийн нэг юм. “Би МАН-д дээр үед элссэн. Залуудаа намын л ажил хийсэн. Эмнэлэгт асрагчаас нь эхлээд сувилагч, нягтлан бодогч гээд төрөл бүрийн ажил хийлээ. Улс орон маань сайхан хөгжиж байна. Төрийн буян их. Телевизророор цаг үеийн мэдээ үздэг. Хүүхдүүд маань намайг сайхан өргөж, тээж байна.” хэмээн ануухан хөөрөлдөж байв.

Өндөр настан Н.Намжилцэрэн гуайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээсэн Чингис хааны эш хөргийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр  гардууллаа.

МАН-ын ахмад гишүүн Ж.Маам гуай эдүгээ 88 настай. Залуудаа намын ухуулагчаар ажиллаж байжээ. “ Төр, засаг тогтвортой сайхан үе байлаа. Нэг хүн 44 жил удирдаад, нэгдэл байгуулаад сайхан л байсан. Одоо төр, засгийг тогтвортой ажиллуулах хэрэгтэй байна.

Ажил санаачлаад хэрэгжүүлж байхад огцруулж болохгүй. МАН-ын дарга Н.Учрал их зөв бодлого ярьж байна. Сайхан хүү харагдаж байна. Одоо төр, засгийг тогтвортой ажиллуулж, дэвшүүлж байгаа бодлогыг нь хэрэгжүүлээсэй. Манай Монголын малын ач тус гадагшаа гаргадаг нүүрснээс илүү чухал байна” хэмээн ярьж байна.