МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд өнөөдөр /2026.08.10/ ажиллаж байна.

Үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах, төслийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор албаныханд үүрэг өглөө.
Тэрбээр “Намайг Ерөнхий сайдын ажлыг авах үед Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалан хоёр жил, 20 хувийн гүйцэтгэлтэй гацсан байсан. Бид Гадаад зээллэгийн хуулийг УИХ-аар батлуулж, санхүүжилтийн гацааг арилган бүтээн байгуулалтыг үргэлжлүүлсэн.
Өнөөдөр төслийн нийт гүйцэтгэл 60 хувьтай, 4500 хүн гурван ээлжээр, 24 цагаар ажиллаж байна. Үндсэн тоног төхөөрөмжүүд ирж, угсралтын ажил эрчимжлээ. Үйлдвэрийн түүхий эдийг тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолойн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, дуусах шатандаа оржээ. Одоо энэ эрчээ алдаж болохгүй.
Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулна. Мөн 824 мянган тонн дизель, 396 мянган тонн АИ-95 бензин, 80 мянган тонн онгоцны түлш болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Ингэснээр Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 55 орчим хувийг дотооддоо хангах боломж бүрдэж, цаг үеийн ямар ч эрсдэл, тодорхойгүй үед дотооддоо тодорхой хэмжээнд хамгаалах суурьтай болно.
Тиймээс үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг одооноос баталгаажуулна. Хайгуул, олборлолтыг эрчимжүүлнэ. Эрчим хүч, барилгын материал, инженер техникийн боловсон хүчин, хотхон, дэд бүтцийн асуудлыг бүтээн байгуулалттай зэрэгцүүлэн шийдвэрлэнэ” гээд холбогдох сайд, албаныханд хариуцах ажил, хугацааг тодорхой болгож үүрэг өглөө.

Алдсан хоёр жилийн хугацааг нөхөж, бүтээн байгуулалтаа шахаж 2028 онд дуусгана. Хуримтлагдсан асуудлуудыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцэж, шийдвэрлэхээр боллоо.






