
Монгол Ардын Намын “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд МАН-ын Бага хурлын гишүүн Г.Түвдэндорж, МАН-ын Бага хурлын гишүүн, аймгийн намын хорооны дэд дарга А.Дашбат, Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн улс төрийн ажилтан Т.Батзаяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Монгол Ардын Намын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй хууль тогтоомж, Засгийн газрын хэрэгжүүлж буй томоохон төсөл, арга хэмжээний талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Мөн “Гишүүн төвтэй Е4 стратеги”, “Цахим нам 3.0” шинэчлэлийн хөтөлбөрүүдийг танилцуулж, намын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр санал асуулга, судалгаа авч, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Аяны хүрээнд намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын Намын дарга Н.Учралын мэндчилгээг уламжлан, тэдний санал бодол, зөвлөмжийг сонссон юм. Уулзалтад оролцсон иргэд, намын гишүүд амьжиргааны нөхцөл, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлын талаар санал хүсэлтээ идэвхтэй илэрхийлж байлаа.

Тухайлбал, тэтгэврийн хэмжээ ахмад настнуудын өдөр тутмын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгааг онцолж, тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатайг дурдав. Мөн хууль бус уул уурхайн үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгах, иргэдийн татварын ачааллыг бууруулах, намын залуучуудын оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн саналыг ажлын хэсэгт уламжилж байлаа.

“Ардын нам-Ард түмэндээ” аян нь иргэдтэй газар дээр нь уулзаж, санал хүсэлтийг нь сонсон бодлого, үйл ажиллагаандаа тусгах, төр, иргэний хамтын оролцоог бэхжүүлэх зорилготой бөгөөд Сэлэнгэ аймгийн хэмжээнд амжилттай үргэлжилж байна.





