Авто замын шинэчлэл, дэд бүтцийн бүтээн байгуулалт Хужирт сумын хөгжилд бодит үр дүн авчирч байна

Админ

2026.06.30
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын Нам-ын ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Хужирт суманд ажиллалаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яам-ны дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ахалж, сумын намын хорооны гишүүд болон иргэдтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр Засгийн газрын бодлого, хэрэгжиж буй томоохон төсөл, арга хэмжээнүүд, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” аяны хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн асуултад нээлттэй хариулт өгөв.

Мөн намын даргын дэвшүүлсэн “Гишүүн төвтэй Е4 стратеги”, түүнчлэн цахим шилжилтийн хүрээнд хэрэгжиж буй E-Nam 3.0 платформын ашиглалт, боломжуудын талаар танилцуулга хийсэн юм. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны улс төрийн ажилтан Б.Баярбат, аймгийн МАН-ын дэд дарга А.Ишдорж, сумын Засаг дарга Ж.Оюунгэрэл, сумын ИТХ-ын дарга Д.Мягмарсүрэн нар оролцсон байна.

Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын бүс болох Хужирт сум нь нийт 7000 гаруй хүн амтай бөгөөд төрийн 14 байгууллага, зургаан рашаан сувилал, цэвэр усны болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа онцлогтой.

Сүүлийн жилүүдэд тус суманд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг иргэд онцолж байлаа. Тухайлбал, Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар нэгдсэн цэвэр, бохир усны шугам сүлжээнд төр, захиргааны байгууллагууд болон айл өрхүүд холбогдсон, ерөнхий боловсролын нэг сургууль болон хоёр цэцэрлэг шинээр ашиглалтад орсон, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд сумын төвийн авто замын шинэчлэл хийгдэж байгаа зэрэг бодит үр дүнгүүдийг дурдав.

Уулзалтад оролцогчид “Ардын нам-Ард түмэндээ” аян нь иргэдтэйгээ ойртож, тулгамдсан асуудлыг нь сонсож, төрийн бодлого, үйл ажиллагааг илүү ойлгомжтой байдлаар хүргэж буйд талархал илэрхийлсэн бөгөөд намын үйл ажиллагаа цахимжиж байгаа нь цаг үеийн хөгжилтэй нийцсэн чухал алхам гэдгийг онцоллоо.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн мөн сумын ахмадууд болон залуу үеийн төлөөлөлтэй уулзаж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн иргэдийн амьдрал ахуй, хөдөлмөр бүтээлтэй танилцлаа.