Монгол Ардын намын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайханаар ахлуулсан баг бүрэлдэхүүн болох Бага хурлын гишүүн Р.Амарбаясгалан, Баянхонгор аймгийн МАН-ын дэд дарга У.Балжинням, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Хулан нар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хэлэлцүүлэг хийлээ.

Тус сумын 300 орчим гишүүн, дэмжигчдэд МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаар мэдээлэл, танилцуулгыг хүргэж ажиллалаа.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын намын гишүүн, дэмжигчид улс орон даяар өрнөж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд МАН-ын бодлого, Засгийн газрын бодлого, шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж, мэдээлэл дамжуулж буй ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлж байлаа.
Иргэдийн зүгээс сумандаа малын мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулдаг жижиг цех барих шаардлагатай байгаа талаар саналаа хэлэв. Мөн сумын төвөөс аймаг хоёрын хооронд засмал зам тавих шаардлагатай байна. Аймгаас хот руу явдаг засмал зам эвдрэл ихтэй болсон тул засвар, арчилгаа хийж засмал замаа шинэчлэх шаардлага үүссэн гэв.

Уг уулзалтын үеэр Эрдэнэцогт сумын МАН-ын хорооноос нэр бүхий хүмүүсийг намд оруулсан хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, тууштай үнэнч байдлыг үнэлж намын шагналаар шагнаж, урамшууллаа.
Энэ үеэр сумын намын хорооны ахмад гишүүн Ц.Догоо, Д.Бавуу, Ц.Бадам нарынд зочилж, МАН-ын дарга Н.Учралын мэндчилгээг хүргэж санал хүсэлтийг нь сонслоо.








