Монгол Ардын намын ээлжит 31 дүгээр Их хурал өнгөрсөн 2025 онд болж намын даргаар сонгогдсон Н.Учрал “Гишүүн төвтэй Е4 стратеги”-ийг танилцуулж батлуулсан билээ.

“Гишүүн төвтэй Е4 стратеги”-ийн талаар Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг “Энэхүү стратегийг хэрэгжүүлэх зорилгоор намын Удирдах зөвлөлийн дэргэд бодлогын 11 хороог салбар тус бүрээр байгуулсан, мөн Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан, намын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газар, Улс төрийн манлайллын академийг нэмж байгуулсан” гэж онцлов.
Мөн намын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны холбооны зохион байгуулж буй онцлох ажлууд, сургалтууд, зөвхөн гишүүд дэмжигчдээс гадна сонирхлын бүлгүүдийг байгуулж буй, намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой ENAM 3.0 платформыг саяхан хэрэглээнд нэвтрүүлснийг танилцуулсан.

Намын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ намын мөрийн хөтөлбөрийг олон улсын MARPOR аргачлал болон LLM хиймэл оюун ухаанд суурилан бодлогын 11 хорооны оролцоотойгоор анх удаа үнэлсэн талаар Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны гишүүдэд дэлгэрэнгүй тайлбарлав. Энэхүү үнэлгээг хийхдээ хүний хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, цахим засаглал, шинжлэх ухаан, технологи гэх зэргээр салбар, бодлого тус бүрээр хувь хэмжээг илүү нарийвчлалтай гаргасан байна.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны дэд дарга О.Бат-Өлзий намын хорооны ажлын тайлангаа гишүүд, дэмжигчдэдээ танилцуулав.
Уулзалтад оролцогчид санал хүсэлтээ цаасаар, цахимаар, биечлэн хэлж, асуултдаа хариулт авсан юм. Гишүүдтэйгээ эргэн холбоотой ажиллах, намын дэргэдэх төрийн бус байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулах, намын эв нэгдэл, нэр хүндэд анхаарах, ENAM 3.0 платформыг ахмадуудад илүү тайлбарлах гэх зэрэг санал, хүсэлтийг хэлж байлаа.
Ийнхүү намын анхан, дунд шатны нэгжид хүрэх, тэнд ажиллаж байгаа гишүүдээ сонсох, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий Е4 стратегийг нийслэлийн есөн дүүргийн намын хороонд танилцуулж дууслаа.






