“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Анар, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Г.Хэрлэнчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Батширээт суманд ажиллаж, иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МАН-ын Технологи, инновацын бодлогын хорооны нарийн бичгийн дарга С.Мөрөн, МАН-ын Бага хурлын гишүүн Г.Дөлгөөн болон орон нутгийн намын байгууллагын төлөөллүүд ажиллаж, сумын иргэдтэй нээлттэй санал солилцов.

Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Монгол Ардын Намын E4 стратеги, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, ENAM 3.0 платформын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэд, намын гишүүдийн санал хүсэлт, байр суурийг сонслоо. Иргэд, намын гишүүд намын төв байгууллагын түвшинд үүссэн нөхцөл байдлын талаар үнэн зөв, шуурхай мэдээлэл хүргэж, гишүүд, дэмжигчдийн ойлголтыг нэгтгэх нь чухал байгааг хэлж байлаа.

Мөн ахмад гишүүд намын эв нэгдэл, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүдийн оролцоо, итгэл үнэмшлийг хадгалах, намын бодлого, шийдвэрийг иргэдэд ойлгомжтой хүргэх шаардлагатайг онцлов. Түүнчлэн уулзалтын үеэр орон нутагт тулгамдаж буй асуудал, иргэдийн амьжиргаа, тэтгэврийн бодлого, төрийн үйлчилгээний хүртээмж, сумын хөгжлийг дэмжих чиглэлээр санал бодлоо илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ахмад үеийнхний мэдлэг, туршлага, эх оронч үзэл, үнэт зүйлс нь залуу үед өвлөгдөн үлдэх чухал өв бөгөөд орон нутгийн хөгжил, хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлэх үнэт хувь нэмэр болохыг уулзалтаар онцолсон юм. Ажлын хэсгийн зүгээс Батширээт сумын иргэд, намын гишүүд, ахмадуудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусган ажиллахаа илэрхийллээ.



