Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийг сайжруулах бодлого чухал

Админ

2026.11.25
Үйл явдлын мэдээ

Хүн бүр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлага хэзээ нэг өдөр гардаг тул энэ салбарын бодлого хүн бүрийн анхаарах сэдэв юм.

Аль нэг нам, хувь хүн, байгууллагын асуудал биш учраас эмч, эмнэлгийн ажилтан, судлаачдын саналыг сонсох нь чухал гэж УИХ-ын гишүүн Д.Ганмаа үзэж байна.

Тэрбээр МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн бодлогын хороог удирддаг тул салбарын хүмүүсээс санал авах хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.11.25/ зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа танилцуулгадаа урьдчилан сэргийлэлтийг сайжруулах бодлого чухал болохыг онцоллоо.

Мөн хэлэлцүүлэгт санал өгсөн төлөөллүүд ч монгол хүнээ өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, эрүүл байлгаж, урт удаан наслуулах эцсийн зорилгоо хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Тухайлбал, хавдрын эрт илрүүлэг сүүлийн жил гаруй хугацаанд тасарсан байна. Манай улс хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт явж байгааг мэргэжлийн хүн хэллээ. Солонгос улс хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг ч нас баралтаар хожуу байранд ордог байна. Энэ нь тус улс эрт илрүүлж эмчилдэг тогтолцоотой холбоотой аж.

Иймд цаашдын хөтөлбөр, бодлогод эрт илрүүлэгт хамрагдахыг уриалж, хавдрын нас баралтыг бууруулах зорилтыг тусгах нь чухал байна.

Мөн хүн төвтэй эрүүл мэндийн бодлогын хүрээнд элэгний С вирусгүй Монгол болох зорилт тусгахыг оролцогч талууд онцлов. Манай улсад 80 гаруй мянга хүн элэгний С вирусыг даван туулж эмчлүүлж чаджээ.

Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдсэн, бүх сум суурин газар, хороонд өрхийн эрүүл мэндийн төвтэй гээд Монголын хувьд энэ салбарт давуу тал олон бий.