МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал ирэх 2027 оны төсвийн төсөлд тусгаж буй есөн онцлох шийдвэрээ энэ долоо хоногийн эхэнд олон нийтэд зарласан.

Энэхүү есөн шийдвэрээс онцлох нь монгол хүн бүрд байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг амь оруулах тухай юм.
Өнгөрсөн 14 жилийн хугацаанд 1072 хувьцаа хэр үр ашигтай байсан бэ гэсэн эдийн засгийн тооцооллыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайгийн мэдээлснээр танилцуулъя.
“Эрдэс Тавантолгой” ХК иргэдэд таван удаа ногдол ашиг олгосон бөгөөд нийт дүнгээрээ нэг хүнд 918 мянган төгрөг өгч байжээ.
Харин энэ удаад МАН-ын дарга Н.Учралын Засгийн газраас шийдвэр гаргаж зөвхөн ногдол ашиг авах төдийхөн биш энэхүү компанид хяналт тавьдаг, хувьцаагаа бодитоор хэрхэн өмчлөх, захиран зарцуулах вэ гэдгийг хууль эрх зүйн хувьд шийдлийг нь гаргаж байгаа юм.
Тэгэхээр 1072 хувьцааг хөрөнгийн зах зээл дээр эргэлтэд оруулснаар ямар үр ашигтай вэ гэхээр худалдаж, бэлэглэж, өвлүүлж болдоггүй хувьцааныхаа хууль ёсны эзэн, өмчлөгч нь болно.
Иргэд өөрийн байр, байшин, машин, газар, гар утас шигээ хэзээ хэнд худалдах, бэлэглэхээ өөрөө л сонгох эрхтэй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хувьцаа бодитоор амь биетэй өмч болж, хөрөнгөө өөрсдөө харж хянах боломжтой.
1990-ээд оны цэнхэр, ягаан тасалбараас өнөөдрийн 1072 хувьцаа өөр. Зах зээлд дөнгөж хөл тавьсан тэр үеэс хойш цахим технологи хөгжихийн хэрээр олны ухамсар, хараа хяналт, шаардлага өндөр болсон. Хаанаас л бол хаанаас өмчөө хянаж, хэнээс ч асууж лавлах боломж бүрэн дүүрэн бий.

