Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Ардын намын даргын хувиар Азийн Улс Төрийн Намууд (ICAPP)-ийн олон улсын бага хурлын Байнгын хорооны 45 дугаар хуралдаанд оролцож буй Чон Ы Ён тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.06.27/ хүлээн авч уулзав.
Уулзалтад Бангладеш, Вьетнам, Индонези, Камбож, Лаос, Пакистан, Солонгос, Узбекистан, Хятад зэрэг улсуудын төлөөлөл оролцов.
Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ Монгол Ардын нам Азийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хурлын хүрээнд “Хиймэл оюун ба цахим шилжилт” сэдэвт тусгай хуралдаан зохион байгуулсныг сайшаан тэмдэглэв.
Азийн Улс Төрийн Намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооны дарга, БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Чон Ы Ён төлөөлөгчдийг Монгол Улсад эелдэг дотноор хүлээн авсан Монгол Ардын нам болон намын удирдлагуудад талархал илэрхийлээд хурлын үр дүнг танилцуулав.

Монгол Ардын намын дарга Н.Учрал нь 2023 онд Азийн Улс Төрийн Намуудын бага хурлын залуучуудын байгууллагын Ерөнхийлөгчөөр сонгогдож бүс нутгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих үйлсэд манлайлан ажилласан туршлагатай.

Мөн Монгол Улсад 2023, 2024 онуудад Монголд тус бага хурлын эмэгтэйчүүд болон залуучуудын жигүүрийн хурал зохион байгуулагдсан юм.











