Эх орондоо дадлагажих 100×100 оюутны хөтөлбөрийг нээлээ

Админ

2026.07.07
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дарга Н.Учрал өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзсан билээ.

Энэ үеэр гадаадад суралцаж буй оюутнуудын өмнө тулгарч буй нийтлэг асуудал, төрийн үйлчилгээний хүртээмж, эх орондоо ирж дадлага хийх, ажиллах, хөгжих боломжийн талаар нээлттэй санал солилцсон юм.

Мөн Социал Демократ Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Н.Лхагвабаяр гадаадад суралцаж буй оюутнуудад зориулсан “E-Student 2.0” төслийг танилцуулж, эх орондоо мэргэжлийн чиглэлээр дадлага хийх боломжийг бүрдүүлэх “100×100” хөтөлбөрийг танилцуулсан.

Монголын 60 мянга гаруй залуус гадаадад суралцдаг бөгөөд тэдэнд тулгамддаг нийтлэг таван асуудлын нэг нь эх орондоо, бодит орчинд мэргэжлийн чиглэлээр дадлага хийх боломж бага байдаг тул энэ боломжийг “100×100” хөтөлбөрөөр нээж байна.

Уг хөтөлбөрийг намын дэргэдэх оюутны холбоо (SDS), эмэгтэйчүүдийн холбоо (SDW), залуучуудын холбоо (SDY) хамтран хэрэгжүүлж “Эх орондоо дадлагажих 100×100” хөтөлбөрийг өнөөдөр /2026.07.07/ албан ёсоор нээлээ.

Энэхүү хөтөлбөрт шалгарсан оюутнуудын төлөөлөл дадлага хийх газрын урилгаа гардан авч, хүрэлцэн ирж амжаагүй нь цахимаар оролцлоо.

Нээлтийн арга хэмжээнд Социал Демократ Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Н.Лхагвабаяр, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг, Социал демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан нарын төлөөлөл оролцож хөтөлбөрт шалгарсан оюутнуудын урилгыг гардуулан баяр хүргэж, амжилт хүсэв.

Хөтөлбөрийн хүрээнд энэ зун 100 оюутан, ирэх өвөл мөн 100 оюутан эх орондоо дадлага хийх боломжтой боллоо. Тэдний дадлагын хугацаа найман долоо хоног үргэлжлэх бөгөөд дадлагаа амжилттай хийсэн оюутнуудыг сургуулиа төгссөний дараа үргэлжлүүлэн ажилд зуучлах боломжтой юм. 

Энэхүү хөтөлбөр нь гадаадад суралцаж буй залуусыг эх оронтой нь илүү ойр холбож, мэргэжлийн ур чадвараа бодит орчинд хөгжүүлэх, цаашлаад эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэх давуу тал болж байна.