COP17: СДМЭХ ногоон бүсэд үйл ажиллагаагаа эхлүүллээ

Админ

2026.08.18
Үйл явдлын мэдээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17 хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

COP17-ийн хүрээнд олон нийт, иргэний нийгэм, байгууллага, оролцогч талуудын санаачилга, хамтын ажиллагааг өргөжүүлэх Ногоон бүс “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор албан ёсоор нээлтээ хийлээ.

Ногоон бүсийн нээлттэй зэрэгцэн Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо өөрийн бүүтээр дамжуулан үйл ажиллагаагаа эхлүүлж, цөлжилт, газрын доройтол, байгаль орчны өөрчлөлтийн асуудалд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, олон нийтийн ойлголт, хамтын оролцоог өргөжүүлэх зорилгоо танилцууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд СДМЭХ-ны Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, холбооны ажлын алба, удирдлага, үе үеийн манлайлагчид, гишүүд, дэмжигчид оролцов. Тухайлбал, СДМЭХ-ны Ерөнхийлөгч асан Д.Сарангэрэл, Нийслэлийн СДМЭХ-ны тэргүүн асан Б.Саранчимэг нар хүрэлцэн ирж, байгаль орчны төлөөх эмэгтэйчүүдийн хамтын оролцоог дэмжлээ.

Мөн СДМЭХ-ноос хэрэгжүүлж буй “Ментор–Менти 105” хөтөлбөрийн менти нар нээлтийн үйл ажиллагаанд оролцсон нь байгаль орчны асуудалд залуу эмэгтэйчүүдийн оролцоо, үе хоорондын манлайллыг холбосон онцлог байлаа.

СДМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа Монгол орны өмнө тулгамдаж буй цөлжилт, газрын доройтол нь зөвхөн байгаль орчны салбарын асуудал биш бөгөөд гэр бүлийн амьжиргаа, хүний эрүүл мэнд, орон нутгийн хөгжил, ирээдүй үеийн амьдрах орчинтой шууд холбоотой болохыг онцлов.

Тэрбээр:

“Бид эх орныхоо өмнө төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө байгаль дэлхийгээ хамгаалах нийтлэг хариуцлага хүлээж байна. Монголын эмэгтэйчүүд цөлжилт, газрын доройтлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, эх байгалиа хамгаалах, нөхөн сэргээх бодит үйлсэд манлайлан оролцохоор энд нэгдээд байна” хэмээн онцоллоо.

COP17-ийн Ногоон бүсэд СДМЭХ-ны бүүт хурлын өдрүүдэд ажиллах бөгөөд эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийн сайн сайхан амьдрал, тогтвортой хөгжил болон байгаль орчны харилцан хамаарлыг олон нийтэд таниулахын зэрэгцээ цөлжилт, газрын доройтлын эсрэг эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулна. 

СДМЭХ нь эмэгтэйчүүдийн манлайлал, хамтын ажиллагааг байгууллагынхаа үндсэн үнэт зүйл, стратегийн чиглэл болгон тодорхойлж ажилладаг бөгөөд COP17 дахь оролцоо нь энэхүү бодлогыг байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудалтай холбож буй бодит алхам болж байна.