“Хэнийг ч орхигдуулахгүй, хүн бүрийн оролцоог хангах” зарчим бол нийгмийн хөгжлийн суурь үнэт зүйлсийн нэг.

Хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эцэг эх, асран хамгаалагчид, нийгмийн ажилтан, сэргээн засах эмч, насан туршийн боловсролын багш, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, нийгмийн хамгаалал, өдөр тутамд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Н.Бямбагэрэл, тус дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн холбооны дэд ерөнхийлөгч В.Ойдов, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Улсболд нар оролцож, цаашдын хамтын ажиллагаа болон бодит шийдэлд хүрэх боломжийн талаар ярилцлаа.

Хурлаар Ц.Содхүүг салбар холбооны тэргүүнээр 92.6 хувийн саналаар сонгон баталж, тэргүүлэгч гишүүдээ сонгон, цаашид ажиллах бүтэц, бүрэлдэхүүнээ бүрдүүлэв.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал, хэрэгцээ, шаардлагыг орон нутгийн бодлого, шийдвэр гаргалтад бодитоор тусгах, нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажил, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бол зөвхөн халамжийн асуудал биш. Энэ бол эрх, оролцоо, хүртээмж, тэгш боломжийн тухай юм. Тиймээс цаашид салбар холбоо нь иргэдийнхээ дуу хоолойг сонсож, тэдний эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэхэд анхаарч ажиллах болно.






