“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаагаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэй уулзан санал хүсэлтийг нь сонслоо.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүний зөвлөх С.Болд, Б.Билгүүн, Хяналтын ерөнхий хорооны хянан шалгагч Ж.Баярмаа, Улс төрийн манлайллын академийн сургалт хариуцсан мэргэжилтэн П.Нинжин, Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Бага хурлын гишүүн Б.Мөнхтөр болон холбогдох албаныхан оролцлоо. Уулзалтын үеэр Монгол Ардын Намын үйл ажиллагаа, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, төсөл, арга хэмжээ, Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл, танилцуулга хүргэв.

Мөн Цэргийн төв госпиталийн дотрын, хүүхдийн болон эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар ажиллаж, иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийлээ.

Намын гишүүд, иргэд орон нутгийн хөгжил, боловсролын чанар, багш нарын хүртээмж, төрийн албан хаагчдын орон сууц, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүүхэд, залуучуудын хөгжлийн төв байгуулах зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж, суманд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Мөн ажлын хэсгийнхэн сумын намын ахмад гишүүд болох 1 дүгээр багийн Ц.Эрдэнэхүү, 4 дүгээр багийн иргэн, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, ахмад настан Д.Мягмардорж, Ахмадын холбооны тэргүүлэгч Ц.Живаа нартай уулзаж, Монгол Ардын Намын даргын мэндчилгээг уламжиллаа.


Энэ үеэр тэдний ажил, амьдралын туршлага, намын үйл ажиллагаа болон орон нутгийн хөгжлийн талаарх санал, зөвлөмжийг сонсож, цаашид хамтран ажиллах асуудлаар ярилцав.






