“Бүтээлч өсөлт–2026” нийслэлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган болж байна

Админ

2026.11.29
Үйл явдлын мэдээ

СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбооноос зохион байгуулж буй “Бүтээлч өсөлт–2026” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган болж байна. Нийслэлийн 1300 гаруй бизнес эрхлэгч эмэгтэй хамрагдсан энэхүү чуулган нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх орчныг сайжруулах, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг төрийн бодлого, шийдвэрт хүргэх зорилготой юм.

Чуулганд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хандан “Өнөөдөр чанартай өсөлт, бүтээлч өсөлтийн тухай ярьж байна.

Эдийн засгийн өсөлтийг зөвхөн тоон үзүүлэлтээр бус, иргэдийн ахуй амьдралд үзүүлж буй бодит үр нөлөөгөөр нь авч үзэхийн чухлыг онцоллоо. Түүнчлэн “Бүтээлчээр өсөж байж иргэн бүрийн амьдрал дээшилнэ” гээд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөдөлмөр, үйл ажиллагаа олон айл өрхийн амжиргааг тэтгэж байгааг тодотгон хэллээ.

СДМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа чуулганыг нээхийн зэрэгцээ холбооны WOMEN таван тулгуурт бодлого, бүсийн чуулгануудын үр дүн, цаашдын зорилтыг танилцуулсан юм.

“Бүтээлч өсөлт–2026” чуулган өнөөдөр зургаа дахь бүс нийслэлд үргэлжилж байна. Чуулганы хугацаанд СДМЭХ 3000 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйн саналыг сонсож, бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээл, эрх зүйн зохицуулалт, төрийн дэмжлэгтэй холбоотой санал, санаачилгыг нэгтгээд байна.

Чуулганы үеэр “Монгол стратеги”, төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн танилцуулга, бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаарх илтгэл, нээлттэй хэлэлцүүлэг, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол ч мөн зохион байгуулагдаж байна.

Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг дэмжих зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

“Бүтээлч өсөлт–2026” чуулганы сүүлийн бүс болох Төвийн бүсийн чуулган ирэх Баасан гарагт /2026.12.04/ Дархан-Уул аймагт болно.

СДМЭХ-ноос бүсийн чуулгануудаас гарсан санал, санаачилгыг нэгтгэн Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх орчныг сайжруулах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн дэмжлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.