“Бүтээлч өсөлт–2026” Хангайн бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган амжилттай болж өндөрлөлөө

Админ

2026.09.21
Үйл явдлын мэдээ

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос зохион байгуулсан “Бүтээлч өсөлт–2026” Хангайн бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган Архангай аймагт болж, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 300 гаруй бизнес эрхлэгч, төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

СДМЭХ-ны WOMEN таван тулгуурт бодлогын Entrepreneur буюу бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлийн хүрээнд зохион байгуулсан тус чуулганаар бизнесийн өсөлт, санхүүжилт, эрх зүйн орчин, инноваци, дижитал шилжилт, зах зээл, хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн шинэ түншлэл, холбоосыг бий болгоход анхаарлаа.

Форумын үеэр ЖДҮ ба оюуны өмчийг бизнесийн эргэлтэд оруулах боломж, хиймэл оюуныг бизнест ашиглах нь, хэлэлцээрийн сэтгэл зүй, өрхийн эрчим хүчний үйлдвэрлэл, санхүүжилтийн хүртээмж, бүсчилсэн хөгжлийн бодлого, бизнесийн амжилт ба манлайлал зэрэг сэдвээр илтгэл тавилаа. Мөн Хангайн бүсийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн холбоог байгуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн B2B бизнес уулзалт зохион байгуулж, оролцогчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, хамтын ажиллагаа, түншлэлийн шинэ боломжийн талаар санал солилцлоо. Архангай аймгийн төв талбайд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдаа мөн зохион байгуулагдав.

“Бүтээлч өсөлт–2026” чуулган нь орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг санхүүжилт, эрх зүйн мэдээлэл, шинэ технологи, зах зээл болон хамтын ажиллагаатай холбож, Хангайн бүсийн бизнесийн сүлжээ, эдийн засгийн оролцоог өргөжүүлэхэд чиглэсэн бүсийн хэмжээний арга хэмжээ боллоо.

“Бүтээлч өсөлт–2026” Хангайн бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган амжилттай болж өндөрлөлөө | Монгол Ардын Нам