“Бүтээлч өсөлт–2026” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн говийн бүсийн чуулган Даланзадгад хотод болж байна  

Админ

2026.11.11
Үйл явдлын мэдээ

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан зохион байгуулж буй “Бүтээлч өсөлт-2026” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүсийн чуулган дөрөв дэх бүс болох Говийн бүсэд үргэлжилж байна.

Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг нэгтгэсэн чуулган өнөөдөр /2026.11.11/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болж байна.

Бүс нутгийн бизнесийн хөгжлийн боломж, тулгамдсан асуудал, бодлогын шийдлийг хэлэлцэж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн санал, санаачилгыг төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой чуулганд Улсын Их Хурлын гишүүд, СДМЭХ-ны удирдлага, төлөөлөл болон Говийн бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцож байна.

Чуулганы хөтөлбөрт СДМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн нээлтийн үг, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Н.Учралын мэндчилгээ багтсан юм.

Чуулганы хүрээнд бизнес эрхлэх орчныг сайжруулах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг онцлон хэлэлцэж байна.

Тухайлбал, СДМЭХ-ны “W.O.M.E.N” таван тулгуурт бодлого, эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрийн оролцоо, хүний хөгжлийн хэмжээс, үндэсний үнэт зүйл, хувь хүний хөгжил зэрэг сэдвээр илтгэл, мэдээлэл танилцуулж байна.

Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хувьд чухал ач холбогдолтой төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалт, холбогдох хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар хөтөлбөрт тусгасан. Энэхүү хэлэлцүүлгээр орон нутгийн үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгчдийн санал, тулгамдсан асуудлыг сонсож, төрийн худалдан авалтад оролцох боломжийг өргөжүүлэх асуудлыг хөндөнө.

Түүнчлэн “Дотоод хүч -Гадаад амжилт” сэдвийн хүрээнд сэтгэл зүйн эрүүл мэнд, харилцаа, хандлага, стрессийн менежмент болон хувь хүний манлайллын асуудлыг авч үзэх юм.

Чуулганы хөтөлбөрт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах, шагнал гардуулах ёслол багтсан бөгөөд бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч байна.

Мөн чуулгантай зэрэгцэн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнгээр орон нутгийн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулж, борлуулалтаа нэмэгдүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, бизнесийн шинэ түншлэл бий болгох боломж бүрдэж байна.

“Бүтээлч өсөлт–2026” Говийн бүсийн чуулган нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нэгтгэж, тэдний оролцоонд тулгуурласан бодлогын шийдлийг тодорхойлох, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.